Япон улсын Акита мужийн их сургуулийн Био нөөцийн шинжлэх ухааны факультетын Био орчны шинжлэх ухааны тэнхимийн профессор Ишикава Юүичи, тус сургуулийн Олон улсын оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ватанабэ Мотоко нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд өнгөрсөн пүрэв гарагт хүрэлцэн ирж, тус сургуулийн удирдлагуудтай оюутан солилцох хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн таван оюутан, багшийн хамт энэ оны 7 дугаар сард Акита мужийн их сургуульд богино хугацааны дадлага хийхээр болжээ. Мөн энэ оны 9 дүгээр сард Япон оюутнууд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд богино хугацаагаар дадлагажих аж. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллага, гадаадын их, дээд сургуулиудтай төсөл, судалгаа, эрдэм шинжилгээний хурал, оюутан солилцооны чиглэлээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.



















