Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн турш хэрэгжиж буй Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр өнгөрсөн жилийн үр дүнгээ хэлэлцэж, цаашдын зорилт, зорилгоо тодорхойллоо. Үйлдвэрийн хүний нөөцийн бодлого, олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартын хүрээнд удирдах болон залуу ажилтнуудын бүтээмж, манлайллыг дээшлүүлэх замаар байгууллагын соёлыг бэхжүүлж, авьяас, ур чадварыг нээн илрүүлснээр нөөц болон түлхүүр ажилтныг бэлтгэх, ажилтны тогтвор суурьшилтай ажиллах боломжийг хангах зорилготой “Залуу ажилтныг дэмжих”, Шинэ ажилтны дасан зохицох”, “Манлайлал, авьяас чадвар”, “Залгамж” хөтөлбөрүүд нь цаашид ч үргэлжлэн хэрэгжих юм. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх болон цех нэгжийн удирдлага, ахмад ажилтны төлөөлөл болох Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Байгал, Р.Дэлгэр, “Сайн иргэн, сайн ирээдүй” ТББ-ын захирал Ц.Бадамхатан, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, хүний нөөцийн мэргэжилтнүүд, хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн, оролцогчид нэгэн дор чуулж, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн, алдаа оноо, шинэ санал, санаачилгаа зэргийг олон талаас нь хэлэлцэж ярилцлаа.
Хөтөлбөр бүхэн өөрийн онцлогтой, төвлөрөх сэдэвтэй байж чадсаныг энэ үеэр оролцогчид онцолсон. Тухайлбал, шинэ ажилтны анхны өглөө цехийн удирдлагын найрсаг дулаан мэндчилгээ, автобусны урт цуваа, анхны багц бэлэг гээд бахархал, эрч хүчтэй ажиллах сэдлийг төрүүлж байсан бол тодорхой цаг хугацаанд тасраад байсан багш шавийн залгамж чанар, халамжлан хүмүүжүүлэх хөтөлбөр эргэн ирсэнд талархаж буйгаа ахмадын төлөөлөл сэтгэл дүүрэн ярьж байв. Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр эхний жилд үйлдвэрийн хэмжээнд тус бүр 100 ажилтныг хамруулан эхэлсэн бол өнөөдөр цех нэгж бүрд бие даан хэрэгжүүлж буй нь хөтөлбөрийн цар хүрээ, хүртээмж тэлж байгааг харуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн, хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдөө хөтөлж, чиглүүлэгчээр ажилласан нь шинэлэг бөгөөд асуудлаа хамтаар шийдэж ярилцах өвөрмөц хэлбэр болов. Үр дүнтэй, оролцогчдын сэтгэл ханамж өндөр байгаа зэрэг эерэг үндэслэлүүд нь хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр цаашид хэрэгжих хэрэгцээ буйг илэрхийлж, илүү өгөөжтэй, тасралтгүй үргэлжлүүлэхийг хөтөлбөрт хамрагдсан залуус, ажилтнууд онцоллоо.















