Орхон аймагт байгуулагдах Үйлдвэрлэл, технологийн парк, олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломж сэдвээр холбогдох байгууллага, төслийн мэргэжилтнүүдийн хамтарсан зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэтийн бизнес эрхлэгч залуучуудын холбоо зэрэг байгууллагууд зохион байгуулав. Мөн Солонгос улсын “KSP” судалгааны төвийн судлаачид хүрэлцэн ирж, өөрийн орны туршлага болон хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо. Зөвлөгөөнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Ахлах шинжээч Н.Оюунболд “Монгол улс дахь үйлдвэрлэл, технологийн паркийн үүсэл хөгжил, хууль эрхзүйн орчин” сэдвээр илтгэл тавьж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах эрх зүйн орчин бүрдсэнийг мэдээлэлдээ онцоллоо. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн өнөөгийн байдал, хүлээгдэж буй үр дүнгийн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл танилцуулсан бол “Эрдэнэс” үндэсний судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Чинзориг, Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжээр төсөл хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын сангийн тухай сэдвээр “Эрдэнэт венчур ассет менежмент” хөрөнгө оруулалтын компанийн Гүйцэтгэх захирал О.Отгонтөгс илтгэл тавив.
Зөвлөгөөнд оролцогчид Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд баригдах Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийн асуудлаар ярилцаж, энэ төслийн явц сайн байгааг онцолсон. Тухайлбал, “Эрдэнэс” үндэсний судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Чинзориг “2022 онд Үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр зэсийн баяжмал боловсруулах, хайлуулж цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг оруулж, үүнийг дагаж хөгжүүлэх чиглэлээр олон судалгаа хийгдсэн. Эдийн засгийн судалгаанд, ялангуяа эцсийн бүтээгдэхүүнийг гаргах үйлдвэрүүдийн үр ашиг нь өндөр гэж үзсэн учраас энэ ажил нэлээд шуурхай хийгдэж байна. Тусгай зөвшөөрлийн дагуу орон нутагт газар байршлыг тогтоож, дэд бүтцийн асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн түвшинд амжилттай шийдээд байна. Зэс хайлуулах үйлдвэрийн хүхрийн давхар ислийг боловсруулж, хүхрийн хүчлээ цэвэршүүлэх боломж бүрэн нээгдсэн. Тиймээс байгальд хаягдах хүхрийг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс харьцангуй доогуур үзүүлэлттэй буюу хүний эрүүл мэнд болон бусад сөрөг нөлөөгүй байх дэвшилтэт технологийг судалж байна. Цаашид бид 1960, 1970 оны үеийн техник, технологийн түвшинд биш 21-р зууны боловсронгуй технологит тулгуурлан өнөөгийн мэргэжилтнүүдийн өндөр мэдлэг ур чадварыг түшиглэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, олон улсад ийм байна гэж ярих биш, өөрсдөө үйлдвэрлэгч, хэрэглэгч болохыг зорино” гэсэн юм.















