Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын санаачилгаар “Эрдэнэт” сувиллын цогцолбор, хоол үйлдвэрлэлийн гэрээт компаниуд хамтран ажилчдын давсны хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор долоо хоногийн аян зарлалаа. Уг аяны хүрээнд давс агуулсан бүтээгдэхүүнийг хэрхэн зөв сонгох, ажиллагсдын хандлагыг дээшлүүлэх, хоолныхоо давсыг ургамлын гаралтай амлагчаар орлуулж хэвшихэд мэдлэг олгох зорилготой “Давсны хэрэглээг бууруулъя” сэдэвт өдөрлөг зохион байгуулав.
Энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолборын Хоол зүйч Б.Батцэцэг: “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоногт хүний авах ёстой давсны хэмжээг 5 грамм гэж заасан. Үүнээс монгол хүний хэрэглээ 2,5 дахин өндөр байгаа. Энэ зохисгүй хэрэглээ нь тархинд цус харвах, зүрхний шигдээс, бөөрний өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Монгол улсын хэмжээнд гарч буй хоол боловсруулах замын халдварын бус өвчлөлийн 77 хувь нь хоолны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Бид давс агуулсан бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Хоол ундныхаа давсны хэрэглээнд бид хяналт тавьж болно. Харин давс агуулсан далд хүнснээс 75 хувийн хэрэглээг авч байгаа. Үүнд үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан хиам, даршилсан ногоонууд орно. Иймээс хэрэглэх хүнснийхээ шошгыг сайн уншиж, сонголтоо зөв хийж үйлчлүүлэх ёстой. Нөгөө талаар халиар, хөмүүл, цагаан гаа гэх мэт ашигтай, хор багатай хүнсээр давсыг орлуулж хэрэглэх боломжтой. Ингэж зөв зохистой хоол хүнс хэрэглэснээр эрүүл ажиллаж амьдарна” хэмээн онцлов.















