Олон улсын хоккейн холбоо (IHHF)-ны IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-26-ны өдрүүдэд “Steppe arena”-д амжилттай зохиогдож, Монголын баг тамирчид түүхэндээ анх удаа мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд Монгол, Филиппин, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Монголын баг тамирчид Филиппин улсын багтай тоглохдоо 6:7 оноогоор хожигдол хүлээсэн бол сүүлийн тоглолтод Индонезийн шигшээ багтай тоглохдоо 5:1 оноогоор ялалт байгуулан, мөнгөн медалийн эзэн болсон юм.
Дэлхийн чансаатай тамирчидтай эн тэнцүү өрсөлдсөн Монголын багт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Машин механизмын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, ОУХМ Б.Цэрэнбалжир, тус үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, Спортын мастер Б.Эрдэнэсүх, Засвар угсралтын цехийн Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, Спортын мастер Э.Энхсүх, Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн засварын хэсгийн Тоног төхөөрөмжийн засварчин, Спортын мастер И.Гэрэлт нар тоглосон. Мөн тэмцээний статистикч шүүгчээр Баяжуулах үйлдвэрийн Сургалтын инженер, Спортын мастер Ж.Батболд, эмчээр Спорт цогцолборын Уламжлалт эмчилгээний бага эмч Ч.Батсайхан, дасгалжуулалгчаар Спорт цогцолборын ахлах дасгалжуулагч, Монгол Улсын шигшээ багийн туслах дасгалжуулагч М.Отгонбаяр нар ажиллажээ.
Багийн спортын төрөлд авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдсөн уурхайчин залуустаа Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.























