Баяжуулах үйлдвэр, Засвар угсралтын цехийн ХАБЭА хариуцсан мэргэжилтнүүдийн хамтарсан “Баяжуулагч” багийнхан эрсдэлийг бууруулсан ажлынхаа нэг хэсгийг үйлдвэрийн ажилчдад танилцууллаа. Өргөн тээвэрлэх машин, механизмтай харьцдаг ажилчдын болзошгүй эрсдэлээс сэргийлэх, өргөх оосорлогооны хэрэгслийн олон улсын стандартыг үйлдвэрт нэвтрүүлэх зорилготой танилцуулга Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны I байранд зохион байгуулагдсан юм. Энд өргөх оосорлогооны хэрэгслүүдийн төрөл, хэвлэмэл зурган тайлбар зэрэг дэлгэгдсэний зэрэгцээ ХАБЭА-н мэргэжилтнүүд биет үзүүлэн онцлог, давуу талыг тайлбарлав. Өргөх хэрэгслүүд нь даацын хувьд олон улсын стандартаар өнгийн кодоор ялгагддаг болжээ. Тухайлбал, хоёр тонны даацтай ачаа зөөвөрлөх, шилжүүлэхдээ ягаан өнгийн оосорлогооний хэрэгсэл ашиглах юм байна. Ингэж өнгийн кодоор ялгасан нь ашиглахад ойлгомжтой болсноос гадна бүтээмжийг нэмэгдүүлж, аюулгүй байдлыг илүү хангасан гэж мэргэжилтнүүд үзэж байна.
“Баяжуулагч” багийнхан өргөх оосорлогооны олон төрлийн хэрэгслийг үйлдвэрийн газрын бусад цех, нэгжүүдийн ажилчид өргөн ашиглаж, аюулгүй байдлаа бүрэн хангахыг уриаллаа.

















