Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороос энэ 3 дугаар сарын туршид өрнүүлсэн “Аз жаргалаа түгээе” аян өндөрлөж, үр дүнгээ дүгнэлээ. Жил бүрийн 3 дугаар сарын 27-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг Театрын өдрөөр, тус аян хаалтын үйл ажиллагаагаа хамтатгаж, соёл урлаг, театрын уран бүтээлчдийн давхар баяр болгон тэмдэглэв. Энэ үеэр Орхон аймгийн Соёл урлагийн газар, Хүүхэд залуучуудын театр, Соёлын төвүүд, Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн соёлын арга зүйч, үе үеийн уран бүтээлчдийн улаан хивсний ёслол болж, урлагийн тоглолтоо толилуулав. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын үйл ажиллагааг сурталчлах хүрээнд “Уул уурхай дахь соёл, урлагийн хөгжил” сэдэвт үзэсгэлэн тавигдаж, түүхэн замнал, ололт амжилтаа дэлгэсэн. Үзэсгэлэнд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалт, ажил үйлс, бахархлыг өгүүлсэн 40 орчим нийтийн дууны хөгжмийн нот, шүлгийг байршуулсан нь содон үзүүлбэр байлаа. Мөн Дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын сонгодог концерт цогцолборын их танхимд тоглож, бага танхимын талбайд хөгжөөнт уралдааныг үзэгчдийн дунд зохион байгуулсан юм. Дараа нь соёл урлагийнхан өөр өөрсдийн уран бүтээл, онцлогоос танилцуулж, Соёл, урлагийн цогцолборын соёлын үйл ажиллагаа, бодлого хэрэгжилтийн чиглэлээр туршлага судлан санал бодлоо солилцлоо.
Хаалтын үйл ажиллагааны үеэр Соёл, урлагийн цогцолборын дарга Б.Баттулга “Аз жаргалаа түгээе” сарын аяны ажлаа дүгнэж хэлэхдээ, “Олон тэмдэглэлт, баярын өдрүүд тохиодгоороо 3 дугаар сар онцлогтой. Тиймээс манай цогцолбороос энэ сард “Аз жаргалаа түгээе” сарын аяныг өрнүүлж, нийт 18 төрлийн ажил төлөвлөн зохион байгууллаа. Аз жаргал гэдэг зүйл хол байдаггүй, үүнийг хүн өөрөөсөө гэрэлтүүлж, түгээдэг. Ажлын байр, гэр бүл гээд хаа ч аз жаргал түгээж, бүрдүүлж болдог гэдгийг л хүн бүхэнд сануулахыг зорьсон. Аяны өдрүүдэд “Ээжүүддээ хайр түгээе”, “OPEN MIC” нээлттэй дууны уралдаан, хөгжөөнт тоглоом гээд соёл, чөлөөт цагийн олон хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Аз жаргал түгээх нь зөвхөн нэг сарын аянаар хэмжигдэхгүй, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сайхан бодол, эерэг хандлагаас шалтгаалж, үргэлж байдаг зүйл. Хүн бүр өөрөөсөө аз жаргал түгээгээрэй гэдгийг манай сарын аян уриалж чадсан гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм.
Аз жаргалаа түгээх сарын аян “Дэлхийн театрын өдөр”-өөр өндөрлөлөө
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















