Зууны манлай Эрдэнэт үйлдвэр сар шинийн баярын босгон дээр улирч буй жилийн хөдөлмөрийн сайчууд, манлайлагчдаа “Хөдөлмөрийн аварга”-аар өргөмжлөн алдаршуулж, зарим шилдэг ажилчдын нэрийг “Хүндэт дэвтэр”-т мөнхөлдөг уламжлалтай. XVII жарны усан бар жилийн ажил үйлс, амжилт бүтээлээрээ уурхайчин хамт олноо тэргүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажилласан нэр бүхий 33 ажилтныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан урамшуулж, зургийг нь хүндэт самбарт бүтэн жил байрлуулахаар боллоо. Мөн үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн хүнд даацын машины жолооч Б.Гарам-Очир, Засвар угсралтын цехийн ахлах мастер Сапрыкин А.В, Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн цахилгааны инженер Ш.Данзанваанчиг нарын нэрийг Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн “Хүндэт дэвтэр”-т бичин мөнхжүүлж, “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаалаа.
Хөдөлмөрийн аваргууд болон “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдсэн эрхмүүдийн шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нар гардуулж, баяр хүргэсэн юм.
Шагнал гардуулах ёслолын үеэр үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх уурхайчин хамт олондоо хандаж үг хэлэхдээ, XVII жарны усан бар жилд бид амжилт бүтээл арвин ажиллалаа. Түүхэн олон дээд амжилтын эзэд болсныг тэмдэглэхэд таатай байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд зардлаа хэмнэж, цар тахлын сөрөг нөлөө бүрэн арилаагүй үед үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулахын тулд бид олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлэн амжилттай ажиллалаа. Төлөвлөсөн техник, технологийн шинэчлэлүүд, бүтээн байгуулалтууд амжилттай хийгдсэнээр дараа дараагийн жилийн өргөтгөл шинэчлэл, том төслийн ажлууд хэрэгжих нөхцөл бүрдлээ. Энд хамт олны удирдлага зохион байгуулалт, хөдөлмөрийн сахилга дэг журам, эв нэгдэл чухал нөлөө үзүүлснийг онцлон тэмдэглэв.
“Хүндэт дэвтэр”-т нэрээ үлдээж буй Б.Гарам-Очир нь 2022 онд 200347 м.куб уулын цул тээвэрлэн төлөвлөгөөт даалгавраа 102.5 хувиар биелүүлж, 1899174 тн.км-ын ачаа эргэлт хийж, даалгавраа 104.7 хувиар биелүүлсэн байна. БелАЗ-75131 загварын автомашины дугуйг өнгөрсөн онд нормоос 106623 км илүү гүйлгэж, үйлдвэрт 68.2 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. Хүнд даацын өөрөө буулгагч автомашины дотоод шаталтын хөдөлгүүрийг үйлдвэрлэгчийн тогтоосон нормоос нэг дахин илүү буюу 36008 цаг явж үр бүтээлтэй ажиллан 258 сая төгрөг хэмнэсэн байна. Харин ОХУ-ын мэргэжилтэн Сапрыкин Виктор Алексеевич нь 1997 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэвийн үйл ажиллагааг хангасан төлөвлөгөөт болон урсгал засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлуудыг чадварлагаар удирдан зохион байгуулж, тасралтгүй 25 жил ажилласан ахлах мастер юм. Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн цахилгааны инженер Ш.Данзанваанчиг “Уурхайчин-2,3” хорооллын дэд бүтцийн 49.9 тэрбум, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн КТП-20 хуваарилах байгууламжийг солих 2.3 тэрбум төгрөгийн ажлыг зохион байгуулжээ.
Үйлдвэрлэлийн шат дамжлагыг сайжруулж, шинэ техник технологи нэвтрүүлэн, үйлдвэрийн санхүүг хэмнэхэд хувь нэмэр оруулан ажилласан Хөдөлмөрийн 33 аварга тус бүрийг Эрдэнэт үйлдвэр таван сая төгрөгөөр, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн эрхмүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулан шагналаа.















