“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ээлжит XIV бага хурал “Хангарьд” паласт өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, хяналтын болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгон батлав. Тус бага хуралд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн 1000 орчим уурхайчид оролцсон нь онцлог байв.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргад Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Мөнгөншагай, ХМТАЦ-ийн лаборант Х.Урангоо, Барилга засварын цехийн ажилтан Д.Ганцолмон, Ус хангамжийн цехийн мастер Н.Амартүвшин нар нэр дэвшсэн юм. Хуралдаанд оролцогчдын 68,1 хувийн саналаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар Жүрмэдцэдэнгийн Мөнгөншагай сонгогдлоо.
Мөн Баяжуулах үйлдвэрийн ажилтан Г.Энхтайван, Н.Оргил, Автотээврийн цехийн ажилтан Ж.Пүрэвсүрэн, ЗУЦ-ийн ажилтан О.Батсайхан, ЗМЗ-ын ажилтан Л.Энхтөр нарыг Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгов. Түүнчлэн үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн төлөөлөл 50 хүний бүрэлдэхүүнтэй Гүйцэтгэх зөвлөлийг баталлаа. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн саналаар Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны редактор А.Батбаярыг Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд даргаар сонголоо.
Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч, Олон улсын ҮЭ-ийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэбатын сэтгэгдлийг сонссон юм.
Тэрбээр “Би МҮЭХ-нд мэргэжилтнээс нь дарга хүртэл 20 гаруй жил ажиллалаа. Өнөөдөр их түүхэн үйл явдал боллоо. Эрдэнэт бол үйлдвэр дагасан хот. Үйлдвэрийн анхны шавь тавьснаас хойш ҮЭ байсан. Тэгэхээр энэ үйлдвэрийн үнэт капитал нь хүн. Дэлхий нийт ч хүн төвтэй нийгмийг бий болгохыг уриалж байна. Иймээс манай улс ч авлигал, хээл хахуул, хүнд суртал, нийгмийн баялгийн ялгарал, энэ бүхнийг засахад ҮЭ-ийн байгууллага манлайлан оролцоно. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрт ч хөдөлмөрийн нөхцөл, эрүүл мэнд, нийгэм хангамжийн гэх мэт олон тулгамдсан асуудлууд байдаг. Энэ бүхнийг зүй зохистой шийдэж ирсэн. Цар тахлын хүнд нөхцөлд иргэдэд ирэх ачааллыг Эрдэнэт үйлдвэр нуруундаа үүрч гарсныг бид мэднэ. Үүний цаана уурхайчдын нөр их хөдөлмөр явдаг. Хүний хөдөлмөр энэ их баялгийг бүтээсэн. Хүн байхгүй бол ямар ч шинэ техник, технологи байгаад нэмэргүй. Иймээс МҮЭХ үйл ажиллагааныхаа шинэчлэлтийг эрчимжүүлнэ. Зарим гишүүд мэдээлэлгүй байна. Хүмүүсээ мэдээллээр сайн ханган ажиллана. МҮЭХ-ны ерөнхийлөгчөөсөө гишүүд хүртэл нэг ижил мэдээлэлтэй байх ёстой. Энэ олон гишүүд тэргүүнээ сонгохоор ирсэнд туйлын их бахархалтай байна. Эрдэнэт үйлдвэрийн 1000 гаруй хүн гишүүн бус юм байна. Эдгээр хүмүүст Хамтын гэрээнд тусгасан эрхийг эдэлж яваа бол гишүүнээр элс гэж хэлэх байна. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн даргад ажлын туршлагатай, мэдлэг, чадвартай сайхан залуус өрсөлдлөө. Мөрийн хөтөлбөрөө гарц гаргалгаатай танилцууллаа. Гэвч ярих, хийх хоёр хол зөрөөтэй. Иймээс Захиргаатайгаа нягт хамтран ажиллах хэрэгтэй. Ер нь ажиллагсдынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдээд явбал Эрдэнэт үйлдвэрийн бүтээмж нэмэгдэнэ. Ажиллагсад сэтгэл ханамжтай бол алдаа бага гарна. Ялангуяа манай улсад хүний нөөцийн хомсдол гарах боллоо. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбоо Хүний нөөцтэйгөө хамтран ажиллах хэрэгтэй. Нэг хүнийг ажилтан болж бэлтгэхэд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө гардаг. Тэгэхээр ийм хүмүүсээ алдахгүй байх ёстой. Үе дамжсан уурхайчин гэж ажиллагсад ярьж байна. Энэ сайхан уламжлал байдаг юм байна. Уурхайчдын гэр бүлд төрж, өссөн хүний сэтгэл зүй нь хүртэл багаасаа бэлтгэгдсэн байдаг. Иймээс энэ уламжлалыг үргэлжлүүлээд аваад яваасай. Удирдлагууд гүйцэтгэх ажилтны цалин хол зөрүүтэй байж болохгүй. Иймээс МҮЭХ дундаж цалин хөлсний нэмэгдлийг өсгөх бодлого барина. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр хүнээ нэгдүгээрт тавьж ажиллаж ирсэн. Цаашид ч энэ зарчмаа барьж ажиллана байх. Өнөөдрийн энэ хурал дээр авч хэрэгжүүлмээр сайхан санал ч гарч байна. Нэг хүнийг сонгох өөр. Сонгосон хүнээ дэмжиж ажиллах маш чухал байдаг. Тэгэхээр ажил хийх хүмүүсээ магтаж, зэмлэж ажиллаарай гэж хэлэх байна. Орчин үед шүүмжлэх хүн олширсон. Хамтран ажиллах хүн цөөрсөн. Тэгэхээр эв нэгдэлтэй байж, гар сэтгэл нийлэн ажиллаарай гэж сонгогдсон энэ багийнханд хэлье. Өнгөрсөн жил МҮЭ-ийн байгууллага олон зүйл хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн батлууллаа. Тэтгэврийн насыг үндэслэлгүй нэмэх, нийгмийн даатгалын шимтгэл болон татвар өсгөх асуудлыг хязгаарлалаа. Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ, Захиргаатайгаа хамтраад дөрвөн жилийн хугацаанд цалин хөлсийг 40 орчим хувиар нэмсэн байна. Энэ нь бас нэгэн ажлын үр дүн. Шинэ залуус хүч түрэн орж ирсэнд сэтгэл өег байна” гэв.
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай: “Би маш их баяртай байна. Сүүлийн 6-7 жилийн турш ярьсан зүйлүүдээ хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй уурхайчид тэдний ар гэрийнхэн 20-30 мянган хүний амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдэх томоохон үйл хэрэгт оролцох боллоо. Надад итгэл хүлээлгэсэн уурхайчдынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ. Би бодит ажил болгох зүйлсээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хамтын гэрээний нэмэлт өөрчлөлтийн төслийг ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээс ажлаа эхэлнэ” гэв.















