Орхон аймагт энэ сарын 06-наас зохион байгуулагдаж эхэлсэн Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарьд паласт боллоо.
Энэ удаагийн наадам нь орон нутагт анх удаа өвлийн спортын хоёр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулж буйгаараа онцлог аж. Нээлтийн үйл ажиллагаанд Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга О.Баттулга, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нар болон нийслэл, аймгуудын Засаг даргын орлогч нар, Биеийн тамирын газрын удирдлагууд оролцсон.
“Нөхөрлөл, тэмүүлэл, амжилт” уриатайгаар зохион байгуулагдаж буй тус наадамд нийслэлийн дөрвөн дүүрэг, 12 аймгийн 660 гаруй тамирчин 40 гаруй дасгалжуулагчийн хамт гүйлтийн цана, гүйлтийн тэшүүр, хоккей, шорт трейк, уулын цана, снөүбоард гэсэн өвлийн спортын зургаан төрөлд оролцож, 567 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Наадмын нээлтэд СГЗ Д.Дашдондов, Н.Эрдэнэбаатар нарын зохиосон “Би монгол тамирчин” өвлийн спортын сүлд дуу мэндэлж, нээлтэд оролцогчдод анхлан сонсгов.
Энэ үеэр Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга хэлсэн үгэндээ: “Улсын хэмжээний энэхүү спортын наадмын эрхийг Орхон аймагт олгосон нь төвлөрлийг сааруулах, спортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, Олон улсын тэмцээн, наадмын тогтолцооны жишигт хүргэх нэн шинэ алхам болж байна” хэмээн онцоллоо.















