“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн цехүүдийн дунд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын нэрэмжит “Алтан цом”-ын төлөөх сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд “Хангарьд” паласын биеийн тамирын их танхимд боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Спорт цогцолбор болон “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Эрдэнэт медикал” эмнэлэг зэрэг есөн байгууллагын эрэгтэй, эмэгтэй 18 багийн 100 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн төрөлд “Эрдэнэт” сувиллын баг тэргүүн байрт шалгарсан бол эмэгтэйчүүдээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн баг түрүүлж алтан медаль, мөнгөн шагнал хүртэв. Мөн талбайн эзэн баг буюу Спорт цогцолборын эрчүүдийн баг, “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмэгтэй баг тамирчид дэд байр эзлэв. Уг тэмцээний хүрэл медалийн болзлыг зохион байгуулагч “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын эрэгтэй баг, Орос 12-р цэцэрлэгийн эмэгтэй багийн тамирчид хүртлээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын багийн тамирчин Ц.Санжаа, шилдэг эрэгтэй тамирчнаар “Эрдэнэт медикал” эмнэлгийн багийн тамирчин Б.Батням нар шалгарсан.

“Энэхүү тэмцээнийг жил бүрийн сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Цаашид үйлдвэрийнхээ үндсэн болон туслах цех, нэгжийн баг тамирчдыг энэ тэмцээнд өргөнөөр оролцуулах болно” хэмээн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан онцоллоо.















