Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор Шагдарын Отгонбилэг агсны төрсөн өдрийг тохиолдуулан түүний намтар, үйл хэргийг судлах, мөнхжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчлах зорилгоор “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас “Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ?” эсээ бичлэгийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутан сурагчдын дунд уг уралдаан явагдаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн хуульч П.Эрдэнэбилэгийн “Тэр тэнгэр байсан” бүтээл тэргүүн байрт шалгарсан юм. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн “Ш.Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ?” эсээ бичлэгийн уралдааны дэд байрт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч И.Чинтогтохын “Хугараагүй ноён нуруу”, гутгаар байрт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Ашигт малтмал, баяжуулалтын технологи-3 ангийн оюутан Л.Энхжаргалын “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийг хэн сайн мэдэх вэ?” эсээ шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.
Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан уг уралдаанд нийт 20 гаруй бүтээл ирсэн бөгөөд жил бүрийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэж ном гаргахаар зорьж байгаагаа Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү энэ үеэр онцолсон юм.















