“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч нар, Спорт цогцолборын арга зүйчидтэй хамтран эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтээр жингээ бууруулах шаардлагатай, ид хөдөлмөрийн насны залуусыг сайн дурын үндсэн дээр “Илүүдэл жингээ хаячихъя л даа” уриатай төсөлд хамруулж, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн ням гарагт тус төслийнхөн Баян-Өндөр уулын ар бэлд “Гэр бүлийн цасны баяр” хийж, буухиа тэмцээн, асуулт хариултын уралдаанаар өрсөлдөж, эрүүл хооллолтын амталгаа хийжээ. Оролцогчид төгсгөлд нь “Эрдэнэт медикал” эмнэлэг дээр хэмжилтээ өгч, сургалтад хамрагдсан байна. Өвлийн адаг сарын шинийн наймны билигт сайн өдөр зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд “Илүүдэл жингээ хаячихъя л даа” төсөлд хамрагдаж буй Эрдэнэт үйлдвэрийн 30 гаруй ажилтан гэр бүлийн хамт оролцлоо. Амралтын өдөр болсон тэмцээн, уралдаанд нийлбэр дүнгээр “Шар” баг түрүүлсэн юм.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын сүүлийн зургаан жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтэд судалгаа хийхэд 60 гаруй хувь нь илүүдэл жинтэй, үүнээс шалтгаалаад сахар, шээсний хүчил ихсэх зэрэг бодисын солилцооны өөрчлөлттэй, халдварт бус өвчинд өртөмтгий байна. Иймээс залуусын бодисын солилцоог эрчимжүүлэх, илүүдэл жинг дасгал хөдөлгөөнөөр бууруулах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилгоор төсөлт ажил санаачлан хэрэгжүүлж байгаа нь бодитой үр дүнд хүрч байгааг Залуучуудын холбооны Тэргүүн Г.Чимэдлхам онцолсон. Тэд өртөөчилсөн аялал үйл ажиллагаанд оролцохоос гадна бассейн, фитнесээр давхар хичээллэж, бүжгийн болон эрүүл мэндийн сургалтуудад хамрагдаж, одоогоор 5-15 кг жин хаясан амжилттай явна.























