Эрдэнэт үйлдвэрийн баяжуулагчид энэ онд 36 сая 700 мянга тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн онд Өөрөө нунтаглах хэсэгт жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий дөрөвдүгээр шугам барих, Нунтаглан баяжуулах хэсэгт жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хам баяжуулалтын 5-р секцийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж, ашиглалтад хүлээн авсан. Мөн энэ онд техникийн шинэчлэлийн багагүй ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Өөрөө нунтаглах хэсгийн ММС-1 тээрмийн цахилгаан хөдөлгүүрийг давтамж хувиргагчийн хамт шинэчлэх ажлыг энэ сарын 23-наас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Мөн Нунтаглан баяжуулах хэсэгт хоёр тээрэм, Шүүн хатаах хэсэгт зэсийн болон молибдены даралтат шүүлтүүр, молибдены өтгөрүүлэгч шинэчлэх ажлууд хийгдэнэ.
Эрдэнэтийн баяжуулагчид өнгөрсөн онд 33.6 сая тонн хүдэр боловсруулж түүхэн дээд амжилт тогтоосон бол энэ жил хүрсэн түвшинээ ахиулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.