“Нэн түрүүнд-ХАБЭА” уриатай Эрдэнэт үйлдвэрийнхэн шинэ онд ажилллагсдынхаа хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын манлайлал, оролцоог дээшлүүлэх зорилт дэвшүүлж байна. Энэхүү зорилтын хүрээнд ээлжит бага хурал зорилго, сэдвээ тодорхойлов.
Тус үйлдвэрийн дэргэд 2021 оны 10-р сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж, уурхайчдын ажлын байр, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулахад томоохон алхамуудыг хийж эхэлсэн юм. Өнгөрсөн хугацааны ажлын тайлан, шинэ оны зорилтуудаа хэлэлцэж, шийдвэр гаргах зорилгоор шинэ оны эхний долоо хоногт ийнхүү “Нэн түрүүнд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал-2023 ба Манлайлал, оролцоо” бага хурлыг ХАБЭА-н зөвлөлөөс зохион байгууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлд гарч буй ахиц дэвшил, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр, тулгамдсан бэрхшээл хүндрэл гэх зэрэг ХАБЭА тойрсон асуудлаа “тогоон” дотроо хэлэлцэж, хамтын шийдэл, гарц олохыг хурлын үйл ажиллагаа чухалчилсан. Тийм ч учраас хурлын өмнөхөн ХАБЭА-н зөвлөл, ХАБЭА-н хэлтэс, ҮЭ-ийн холбоо, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, Эрдэнэт сувиллын цогцолбор хамтран, зохион байгуулсан үйлдвэрийн ажиллагсдаас биечлэн санал авах аяны үр дүн, олон удаа хөндөгдсөн саналын талаар онцлон ярилцав. Хүнд үйлдвэрийн ажиллагсдад хамгийн чухал “зэвсэг” хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны хүрэлцээ, хангамж, чанар, олгох хугацаа зэрэг нь асуудал дагуулж байгааг аяны зохион байгуулагч, ХАБЭА-н зөвлөлийн гишүүн Ч.Болдбаатар тодорхой судалгаа, тохиолдолд тулгуурлан танилцуулсан. Түүнчлэн ажиллагсдаас биечлэн санал бодлыг сонсох нь тэдний оролцоог нэмэгдүүлэх үр дүнтэй ажил болсон бөгөөд саналд тусгагдсан хүндрэл бэрхшээлийг хамтдаа шийдэж, ажиллахыг хуралд оролцогчдод уриалав.
Бага хуралд "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ХЭМАБ-ын чиглэлээр 2022 онд хийгдсэн ажлын тайлан, цаашид тавих зорилт” сэдэвт илтгэлийг ХАБЭА-н зөвлөл, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд тавьж, 2023 онд тус хэлтсээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангаж хариуцах шинэ бүтэцтэй ажиллана гэдгийг онцоллоо. Түүнчлэн хөдөлмөрийн эрүүл мэнд, ХЭМАБ-н чадамжийг сайжруулах, бүтцийн нэгж дээрх ХЭМАБ-н урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, үүнд анхан шатны удирдах ажилтны оролцоо, ажлын байрны эрсдэлийн түвшнийг бууруулах арга зам зэрэг чиглэлээр 2023 онд дэвшүүлж буй зорилтуудаа холбогдох мэргэжилтнүүд танилцуулав. “Нэн түрүүнд ХЭМАБ-2023 ба Манлайлал, Оролцоо” бага хуралд оролцогчид илтгэлтэй холбоотой санал хүсэлтээ нээлттэй илэрхийлж, хэлэлцсэний дараа ирэх онд баримталж, хэрэгжүүлэх зорилт шийдвэрээ гаргалаа. Хамгийн гол нь үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд манлайлал, оролцооны арга хэрэгслийг нэмэгдүүлэх боломжийг нээж, шат шатанд ахиулах ажил өмнө буйг хурлын шийдвэр онцлон тусгав.
Ингээд Эрдэнэт үйлдвэр орлого ашиг, үйлдвэрлэлийн үзүүлэлтийн амжилт, ололттой зэрэгцүүлээд ажилтан хүний амь нас, аюулгүй ажиллах баталгааг өндөрт тавьж ажиллах учиртайг хүн бүхэнд сануулсан Ерөнхий захирал Г.Ёндонгийн уриалгаар “Нэн түрүүнд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал-2023 ба Манлайлал, оролцоо” бага хурал үйл ажиллагаагаа өндөрлөлөө.















