Улсын баатар үйлдвэрийнхэн бас нэгэн “брэнд” соёлтой боллоо. Он оны төгсгөлд ололт амжилт, хөгжил дэвшлээ цэгнэж, олны магнайд түүчээлж ажилласан шилдэг ажилтнуудаа яруу тодоор алдаршуулж, урамшуулдаг уламжлалт ажиллагаа өнөө жил аварга белазын "уяа зэл" дээр болов. 130 тонны даацтай аварга белаз дүнхийж, уулын хүдрийн дотно үнэр ханхалсан, уурхайчдын ээлж амсхийж, алжаалаа хоромхон тайлдаг их ажлын цэг, Авто тээврийн цехийн Белазын грашт 2022 оны шилдгүүдийн шагнал гардуулах хүндэтгэлийн ажиллагаа болсон нь тун өвөрмөц санаа байв. Уурхай дотроо уулын тээврийн зогсоол дээр гэрэлт тайз дэлгэц засаж, дуран авай, дүрс дууны төхөөрөмжүүд эрийж, арын алба тэргүүн болон галын фронтынхон бэлэн ярайж оны шилдэг ажилтнуудаа угтсан түүх ховор байж мэдэх. Тэр утгаараа зууны манлай Эрдэнэтийнхэн нэгэн онцгой хэлбэрийн үйл ажиллагаа, бахархлын анхдагч болж буй. Магадгүй, энэ үйл явдал ирэх он жилүүдэд уламжлагдан үлдэж, Эрдэнэт үйлдвэрийн нүүр царайг илтгэсээр байх ч юм билүү.
Оны онцлох үйл явдлууд, шилдгүүдийн ажил амжилтын түүхээр эхэлж, Ерөнхий захирлын баяр талархлын мэндчилгээгээр үргэлжилсэн эл үйл ажиллагаа Эрдэнэт үйлдвэрийн 2022 оны бахдам бүтээн байгуулалтын буухиа, ёслолын буудлага, төрийн дууллын сүрлэг эгшиг дор улам омогшим, бахархам болсон. “Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон бид 2022 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо бүх үзүүлэлтээр нь 100 давсан хувиар биелүүлсэн бахдам амжилтаар 2023 оноо угтаж байна. Бид 2022 онд 33.5 сая тонн хүдэр боловсруулж, 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь түүхэн дээд үзүүлэлт, амжилт” хэмээн Ерөнхий захирал Г.Ёндон, белазын граш дахь шилдгүүдийн тайзнаас тэмдэглэн хэллээ. Ийм онцгой үйлсийн эзэд нь 2022 оны шилдэг арван долоон ажилтан, тэдний ард буй мянга мянга уурхайчид юм. Улиран одож буй оны ажлаараа хамт олноо түүчээлэн, шилдгүүдийн эгнээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тээрмийн машинч Г.Болдхуяг, Ил уурхайн Геологийн товчооны Тэргүүлэх геологич Б.Ганбат, Эрчим хүчний хэлтсийн цахилгааны тэргүүлэх инженер Д.Энхтөгс, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар, Автотээврийн цехийн Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн агуулахын эрхлэгч Ш.Дэлгэрмаа, Ил уурхайн Зам овоолгын хэсгийн бульдозерийн машинч Ш.Ерөөлт, Засвар механикийн заводын Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн багажны засварчин Д.Баярсайхан, Тээвэр, ложистикийн төвийн Хөдөлгөөний хэсгийн илчит тэрэгний машинч Д.Ганхуяг, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн албаны мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн Д.Идэрбаяр, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн баяжуулалтын технологич Д.Бат-Эрдэнэ, Засвар механикийн заводын Зохион бүтээх, технологийн товчооны инженер технологич Д.Ариунболд, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн цахилгаан автоматикийн инженер Г.Болд, Ган бөөрөнцгийн цехийн Үйлдвэрлэлийн хэсгийн индукцийн зуухны операторч Б.Эрдэнэсэнгэ, Цахилгаан цехийн Телемеханикийн хэсгийн телемеханикийн инженер Г.Чимэдлхам, А.Ф.Тюряковын нэрэмжит шагналт Ил уурхайн ХАБЭА-н товчооны Ерөнхий инженерийн ХАБЭА хариуцсан орлогч С.Гандуулга, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн цахилгааны ахлах инженер О.Бадмаараг, Соёл, урлагийн цогцолборын Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжмийн удирдаач, УГЗ Б. Цэрэндондов нарын арван долоон ажилтан шилжиж, уурхайчдын ажил хөдөлмөр, авьяас билэгийн алдар цууг өргөлөө.
Энэ жилийн шилдэг ажилтнуудыг алдаршуулах үйл ажиллагаа олон шинэлэг, өвөрмөц зүйлсээр дүүрэн байсан. Шилдгүүдийн шагналын хэлбэр ч “бай”-гаа олсон гойд сонголт болжээ. Зэсэн өнгөөр бүрсэн “ХАБ” малгай, бас хантааз. Энэ удаа шилдгүүдийн цомыг амьд цэцэг дагалдсангүй, харин ажилчин хүний хамгаас чухал хөдөлмөрийн хувийн хамгаалах хэрэгслийг биед нь тааруулан урлаж, гардууллаа. Хүндэтгэл, халамж бас урам зориг эндээс харагдсан. “Анх ажлын байранд шилдгүүдийн шагнал гардуулах ёслолын ажилллагааг хийх санаачлага гаргахад олон хүн эргэлзэж байсан. Харин одоо бид “олны хүч оломгүй далай” гэдгийг үзүүлж, сэтгэл зорилго нэгдсэн байхад ямар ч боломжгүй мэт зүйлийг болгож, бүтээж болдогийг харуулж чадлаа” гэж тус үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ц.Бат-Энх дараа нь өгүүлж, хамтран ажилласан бүх хүмүүс, багийнхандаа талархал илэрхийлсэн.
Уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй уурхайчдын дуу белазын гражийн уудам талбайд нүргэлж, шагналын хур буух тэр агшинд уурхайн бүс тэр чигээрээ гайхаж уярах мэт намуухан бас амгалан байв. Уурхай, уурхайчин хоёр хоёулаа омогшсон нь лавтай.















