“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд уламжлал ёсоор “Энэрэл” төвийн хүүхдүүдийнхээ “Хүслийн шинэ жил”-ийг өнөөдөр зохион байгуулж, хамтдаа баярлалаа. Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн асрамжийн “Энэрэл” төвийг ажиллуулж, 30 гаруй жилийн хугацаанд 400 орчим хүүхдийг өсгөж хүмүүжүүлэн амьдралын замд үдсэн. Өнөөдөр энд 2-18 насны 57 хүүхэд нэг гэр бүл болон сурч хүмүүжиж байна.
Тэд 2022 онд хичээлийн хоцрогдол арилгах, секц дугуйланд хамрагдах, хүүхдийг тэгш хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж, хичээсний үр дүнд өнөөдөр хичээлийн хоцрогдол бүрэн арилаад зогсохгүй хүүхэд багачууд нь 80-аас дээш хувийн үнэлгээтэй суралцаж, сургуульдаа манлайлж байгааг баярын үеэр багш нар нь бахархан онцолсон юм. Мөн спорт, урлагийн амжилт ч арвин байна. Тухайлбал, тамирчин хүүхдүүд нь Монголын хөл бөмбөгийн холбооны “Хөвгүүдийн цом-2022” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, U12, U14 Фут заалны Орхон аймгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж, Б.Батхүү, А.Балжиням нар 2023 оны дээд лигт тоглохоор уригджээ. Түүнээ гадна тус төвийн хүүхдүүд 17 төрлийн секц дугуйланд хамрагдаж хөгжсөн байна.
Өнгөрсөн жилийн “Хүслийн шинэ жил”-ээр үйлдвэрийн газрын удирдлагууд “Энэрэл”-ийн хүүхдүүддээ хөгжмийн бүрэн зэмсэг бэлэглэж байсан бол тэд энэ удаа хөгжмийн зэмсгээ эзэмшиж, тоглож сурснаа толилууллаа. Зөв хүнийг хөгжүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг “Энэрэл” төвийн хамт олон, уурхайчин ах эгч нар нь хүүхэд багачуудынхаа амжилтаар ийнхүү бахархан баярлав.















