Эрдэнэт үйлдвэрийн гадна болоод дотоод орчны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, эмх цэгц, өнгө төрхийг тодорхойлдог Аж ахуй, үйлчилгээний цехийн 2022 оны шилдэг ажилтнуудыг тодруулах хүндэтгэлийн ёслол өчигдөр “Оюу” танхимд боллоо.
Ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан эрчим зүйч Родин.М.М, албан тасалгааны үйлчлэгч Ц.Баяржаргал, Б.Оюунчимэг, оёдолчин Х.Заяахүү, сантехникийн слесарь Г.Бат-Амгалан нар “Оны шилдэг ажилтан”-аар тодорч шагналаа гардав. Мөн цехийн хэмжээнд зохион байгуулсан “100 бүтээлч ажил”-д идэвх санаачилгатай, эдийн засгийн хэмнэлттэй, орлого нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулан ажилласан мужаан Д.Батжаргал, Үйлчилгээний 1-р хэсгийн мастер Б.Энхмандах, цахилгаанчин Б.Баасандорж нарыг “Шинийг санаачлагч-шилдэг ажилтан” өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулсан юм. Түүнээс гадна 2022 оны турш зохион байгуулсан уралдаан тэмцээнд байр эзэлсэн Үйлчилгээний I, II хэсэг, Тусгай цэвэрлэгээ, угаалгын хэсэг, Техникийн II хэсгийн хамт олны амжилтыг алдаршуулан шагналаа.
Энэ үеэр ҮЭ-ийн холбооны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Ч.Буянхишиг, “Уурхайчны алдар” медалиар Ч.Эрдэнэбаяр, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Ж.Өлзийбүрэн, “Дурсгалын тэмдэг”-ээр Б.Тэгштуяа, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” тэмдгээр Э.Оюун-Эрдэнэ нар энгэрээ мялааж, ирэх оныхоо амжилт, аз жаргалыг хурайллаа.















