Нийгмийн хариуцлага, бизнесийн ололт дэвшил, үнэ цэнийг нь тодорхойлж, Монгол Улсын Шилдэг аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулдаг "Entrepreneur-2022" ёслолын ажиллагаа 25 дахь жилдээ боллоо. Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас жил бүр улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй үзүүлэлтээр нь онцлох аж ахуйн нэгж, бизнесийн салбарт тэргүүлэгчдийг тодруулдаг уламжлалтай. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр тодорч, 2022 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг дахин тэргүүллээ.
Оны шилдэг 10 аж ахуйн нэгжийн тэргүүнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бичигдсэн бол энэ жагсаалтад Энержи ресурс ХХК, Хаан банк, Номин холдинг ХХК, Мобиком корпораци, Сүү ХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, Тэсо ХХК, Петровис групп, Грийн групп ХХК зэрэг бизнесийн салбарт тэргүүлэгч 9 байгууллага эрэмбэлэгдсэн байна. Мөн “Entrepreneur-2022”-ын Гран при шагналыг Оюу толгой ХХК хүртэж, “Green entrepreneur” цомоор Тэгш плант ХХК, Наран бьюти уорлд ХХК, Монполимет ХХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, Ханбогд Кашимер ХХК, Юргана Индастри ХХК, “Ган хийц” компаниуд гардлаа.

















