Идэр залуусын уяа өнгөтэй байна

Төр, түмний цэнгэл, баяр наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Нартай, хуртай сайхан зун болж байгааг хэлэх үү, сүүлийн жилүүдэд найр наадмаар цангасныг ч хэлэх үү, Эрдэнэтчүүд дэнж хотойтол, утга төгөлдөр наадахаар хаа хаанаа бэлтгэлээ дориун базааж байна. Хөдөө талаар хүүхдийн гийнгоо цангинаж, алсаас сувдрах айл бүрийн гадаа хурдан морины уяа үзэгдэх нь сэтгэл сэргэм. Ийм нэгэн сайхан өдөр бид “Аранжин хүлэг” галын уяач, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн ээлжийн мастер Дамдингийн Үйлсдэлгэрэхийн уяаг зорилоо. Эднийх “Оросын булаг”-ийн ойролцоо төвхнөж, хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулж байгаа ч энэ өдөр морь барианы газрын дэргэдэх жүчээндээ хэсэг морьдоо амрааж байхтай нь таарсан юм. Хүрэн шандын хөндий хэдийнээ “амь оржээ”. Биднийг очиход аймгийн алдарч уяачдын нэрэмжит уралдаан болох гээд морь, хүүхдээ хөтөлсөн уяачид сүлжилдэж, энэ жилийн наадам өнгөлөх морьдтой эртхэн танилцах гэсэн хүмүүс цугласан байсан нь наадмын өмнөх дуншилт, дуусашгүй аз жаргал мэт. 
Д.Үйлсдэлгэрэхийн хашаа энэ хавьдаа том юм. Гадаа нь Архангайн дугаартай, хашлагатай машин зогссон нь содон. Эднийх хурдан морь уяж уралдуулахаас гадна үржүүлгийн чиглэлээр ажилладаг. Арын сайхан хангай нутгийн уяач удам сайтай унаган адуунаас нь авахаар ирсэн нь энэ байв. Өчигдөрхөн Булган аймгийн наадмын сорилго өдөрлөгт түрүүлж, айрагдсан морьд зогссон газраа хонхойтол ухаж цавчилан, уяан дээрээ тогтож ядан дүүхэлзэж, хангинатал янцгаах нь сүрдэм. Морины хүүхдүүд бэлгэнд бялуурсан нь илт. Дундалсан ундаа, задалсан чихэр сэлт үзэгдэнэ. Галын уяачид хэний морь өнгөтэй, аль унаач адтай байсныг өөр зуураа хөөрөлдөнө. 

Д.Үйлсдэлгэрэх босоо халтартайгаа эгээ хүнтэй ярьж буй мэт “За, чиний минь хөл амарсан уу? Хоёр хоногоос олон морьд оролцсон том уралдаанд шандас сорино шүү дээ, хоёулаа...” гэж шивнэх төдий ярихдаа нуухыг нь авч, магнайг нь илнэ. Хурдан буян нь толгой тохисхийх шиг. Уяач, морь хоёр сэтгэлийн нандин сэжмээр холбогдоно гэдэг энэ болов уу. Энэ зуур түүний дүү Булган аймгийн Бугат сумын харьяат, Сумын алдарт уяач Б.Мөнгөншагайтай цөөн хором хуучиллаа. ШУТИС төгссөн, цахилгааны инженер мэргэжилтэй тэрээр морьдоо ханагар давхилаар уядаг гэнэ. Морьдыг холын зайд тодорхой хурдтай давхиулж, систем суулгахыг ханагар давхил гэдэг юм байна. Шинэ цагийн адууны уяа сойлго хүртэл өөр болжээ. Тэрээр, “морьдтойгоо бүтэн жил хамт байхаар бүрэн мэдэрдэг болчихдог. Хурдан морь үйл хөдлөл, давхилаараа бүгдийг хэлнэ. Тиймээс уяачийн мэдрэмж маш чухал. Уяач, морь, хүүхэд гурвын сэтгэлийн холбоон дээр уралдаан явагддаг. Энэ жил сайхан зун болж байна, адууны тамир хүч байна байгаа” гэж ярьсан юм. Бидний ийн ярилцах зуух Д.Үйлсдэлгэрэх морины ажлаа завсарлаж, үг солих чөлөө олдлоо. 

-Морь хурдан, уяа эвтэй юу? 
-Эвтэй, сайхан байнаа. Хавраас хойш сум, аймаг, бүсийн уралдаан нэлээд боллоо. Аймгаас таван “айраг”, сумаас 20 гаруй “айраг”, түрүү одоогоор аваад байна. 
-Энэ жилийн наадамд хэдэн насны хэчнээн морь уясан бэ? 
-Зургаан насны 10 гаруй морь уяж байна. Ер нь морь уяна гэдэг бүтэн жилийн хөдөлмөр байдаг.   
-Хурдан морьтой холбогдоод хэдэн жил болж байна? 
-Би Эрдэнэт үйлдвэрт 17 жил ажиллаж байна. Хөдөлмөрийн гараагаа Технологийн сургуулийн туслах багшаас эхлээд, Баяжуулах үйлдвэрийн шат дамжлагаар ажилласан. Хурдан адуутай холбогдоод 14 жил болж байна. Технологийн сургуульд багшилж байхдаа хүний докторын ажилд тусалсан юм. Тэр хүн надад баярласнаа илэрхийлж даага бэлэглэсэн цагаас хурдан моринд орсон. 
-Танайд аль угшлын адуунууд байна?
-Анх морь цуглуулж байхдаа тод манлай, алдарт уяач нараас улсад юм уу, бүсэд түрүүлсэн, айрагдсан азарганы дандаа охин унаганууд авдаг байсан маань их зөв болсон санагддаг. Тэр 10-аад унаганаас салбарласан адуунууд бий. Мөн Дорнод, Сүхбаатараас гүүнүүд авсан. Эндэхийн унаган адуу ч бий.
-Уяа сойлгоо хэрхэн тааруулж, ажил төрлөө яаж зохицуулж байна даа? 
-Миний хувьд ажлаас чөлөө авчих юмсан гэсэн бодол байдаггүй. Манай Баяжуулах үйлдвэр, тэр дундаа Шүүн хатаах хэсэг ажлын онцлог ихтэй, ачаалалтай. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад зэсийн баяжмалын маань экспорт тасалдаж, хуримтлал үүссэн. Хүн хүчний дутагдалтай байхад удирдах ажилтан өөрөө үлгэрлэхгүй бол болохгүй. Тийм учраас ажлаасаа аль болох чөлөө авахгүйгээр, зөв чөлөөгөөрөө морио уяж байна. Тэгээд ч дүү маань гарддаг болохоор санаа зовдоггүй. 
-Сүүлийн үед унаач хүүхдийн асуудал уяачдын “толгойны өвчин” болсон. Танайх хэрхэн шийдэж байна? 
-Манай ах, эгч, дүүгийн хүүхдүүд морь унадаг. Өөрийн ах, дүүгийн хүүхдүүд болохоор сэтгэл амар, арай ч өөриймсөг ханддаг. Манай уяаны нэг онцлог гэх үү дээ. Өөрийн хүүхдүүдтэй болохоор морьд илүү амжилт үзүүлж байх шиг санагддаг. Унаач хүүхдүүд маань томдоод ирэхээрээ туслах уяачид болно. Тэр утгаараа залгамж халаа сайн явагдаж байгаа. Очсон наадмаасаа хоосон буцсангүй ээ. Молор-эрдэнийн буянаар, дүү нарынхаа буянаар амжилт арвин л явна.  
-Төрийн наадамд шандас сорих бодол байна уу? 
-Энэ жил уг нь морьдоо аваад явъя гэж бодсон юм. Ажилтай болохоор боломжгүй л болж байх шиг байна. Булган аймгийнхаа Бугат суманд морь малаа адгуулдаг нутагтаа наадамлана. Сумын наадам ч гэсэн төрийн наадам шүү дээ. Тэгээд Орхон аймагтаа уралдана даа. Энэ жил улсын наадамд очиж амжихгүй юм аа гэхэд Хүй долоон худагт Орхон аймгийнхаа нэрийг гаргах сайхан өдөр ирнэ гэдэгт итгэдэг, гэсэн юм. 
Биднийг ийн ярилцаж байхад аймгийн Алдарт уяач Ж.Золбоо ирлээ. Наранд борлож хүрэл зэв шиг болсон энэ эрийг залуу уяачид ихэд хүндэлдэг. Орхон аймгийн идэр уяачдын магнайд яваа түүнээс Д.Үйлсдэлгэрэх зөвлөгөө чиглэл авч, амьдралын аянд ганзага нийлж явдаг гэнэ. Тэднийг уяа сойлгын нарийн ширийнийг хэлэлцэх зуур Д.Эрдэнэбаяр хүүтэй ярилцлаа.

Тэр Булган аймгийн Сэлэнгэ сумын сургуулийн 2-р ангийн сурагч. Дөрвөн наснаасаа хурдны морь унасан аж. Хурдан болохоор нь хар даагандаа илүү хайртай. Наадамд мориныхоо амыг дарж уралдана, барианд дөхөөд ирэхээр хүчийг нь шавхана, гэж том хүн шиг хуучилсан. Харин энэ жилийн наадамд сүүлчийн удаа морь унах Э.Төгөлдөр хүүтэйтэй ярилцсанаа хүргэе. 

-Чи хэддүгээр анги вэ? 
-Би Эрдэнэт хотын 15-р сургуулийн 6-р ангийг сая төгссөн. Морины ажил хийж амарч байна.
-Хэдэн жил морь унаж байна? 
-Гурван жил. Дараа жилээс жингийн хувьд мултарна. 
-Олон айрагдаж, түрүүлж байв уу? 
-Ихэнхдээ түрүүлдэг. /сурв.инээв/ Урдаа морьгүй, түрүүлж орж ирэх хамгийн гоё.  
-Баян ходоод болж байсан уу? 
-Анхны наадам дээр ташуураа унагаад баян ходоод болсон. Том сургамж үлдээсэн дээ.  
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болох вэ? 
-Хурдан морины эмч болно гэж боддог. Солонгос улсад сурч, мэргэжил эзэмших хүсэлтэй. 
-Яагаад хурдан морины эмч гэж...?
-Морь гэмтэхээр хэцүү санагддаг. Эрдэнэтэд сайн эмч байдаггүй. Тийм болохоор хурдан морины сайн эмч болоод олон морийг анагаана. 
Хэрсүү бяцхан ухаандаа ихийг эргэцүүлдэг болов уу гэмээр ийм нэгэн инээд алдсан жаалын энерги надад ихэд гэгээн санагдав. Монголд морио гэсэн чин сэтгэлтэй, мэдлэгтэй, сайн эмч төрөх нь гарцаагүй биз ээ. 
Д.Үйлсдэлгэрэх хурдан морины үржүүлгийн чиглэлээр давхар ажилладаг учир адууныхаа эцэг эх, удам угшил, амжилтыг бичиж бүртгэлжүүлдэг байна. Эднийх мөн үхрийн аж ахуйтай. Малын генийг авч явах үүднээс журнал хөтөлдөг нь эцэстээ эрдэм шинжилгээний ажил болохыг ч үгүйсгэхгүй. Эрдэнэт үйлдвэрийнхээ буянаар ОХУ-д мэргэжил эзэмшсэн тэрээр хэл устайн хэргийг гарган гаднын хүмүүстэй харилцаа холбоо тогтоосноор англи азарга сүрэгтээ авчирчээ. Удахгүй франц азарга ачилтаас бууна, гэж сонирхуулна билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар тээвэрчин Н.Дамдингийн хүү хөдөлмөрч байхаас ч яахав.  
Ийнхүү бид Хүрэн шандын хөндийд шандас сорьсон хурдан морьдын тоосонд хийморио сэргээгээд ирлээ. Дорно дотор зуузай тамгатай морьдын эвшээх, янцгаах нь сэтгэлээс гардаггүй ээ. Монгол хүн бүрийн үйлс дэлгэрэх болтугай. Наадам айсуй... 

МОНГОЛ

Нар саран тахилгатай соёмбо дээр улаан гал бадамлаж байгааг
Найман зууны өмнөх түүхийг нь дэлхий бахдаж багааг
Дөрвөн улирал өнгөө солин ээлжилж байгааг 
Дөнгөж орсон цасан дээр чонын мөр дурайж байгааг 
Монгол гэнэ
Ян сарьдгийн оройд хүрэн бүргэд өндөглөсөн их хянган уулсыг 
Янзагыг эхээс нь төөрүүлдэггүй нүд алдам уудам талыг 
Цаст өндөр уулсын бараанаас толгод өндийж байгааг 
Цанхаалт зүтгэсэн хангалын хүзүүнд эр суран бугуйл чивчирэхийг л 
Монгол гэнэ
Үүлэн хээгээр гоёсон охь манхан хөх тэнгэрийг 
Үржил шимт газрын гоёл дэлбээ нүдэн цэцэгсийг 
Лусын савдагтай тунамал цэнхэр нуурыг 
Луугийн дотогтой нарийн шаргал манханыг 
Монгол гэнэ
Зэргэлээн гүйдлээс далай давалгаалж байгааг 
Зэндмэнэ улаан наран хойморь голлож байгааг
Нутгаа л гэж өнхөрж ирдэг бүлээн чулууг 
Нуур болноо л гэж ундардаг нүдэн булгийг л 
Монгол гэнэ
Алтан наранд өргөдөг цацлын дээжийг 
Адууны бэлчээрт дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэхийг 
Айлсаж буусан хот айлын бараанаас хүүхдийн дуу сонсогдохыг 
Аяганд нар зөв эргүүлэн хийж зочиндоо барьдаг цагаан сүүний амттай цайг л
Монгол гэнэ
Сэрүүн хангайн үзүүрээс зүүгдэж ассан хээр талыг 
Сэвшээ салхины үзүүрээс агь ганга үнэртэхийг 
Мэлтийх үүлгүй шөнийн тэнгэр одод анивчиж байгааг 
Мэнэнгийн их тал шөнөөр нойрсож байгааг л 
Монгол гэнэ 
Шуранхайн татлагаас адуу янцгаахыг 
Шувуудын сүүдэрт л сэрүүцдэг их говийг
Хонин тогооны амсар дэвэн мэлтэлцэх цагаан сүүг  
Холын бараанаас хурын үүл наашилж байгааг л 
Монгол гэнэ
Бэлчиж байгаа хонин дундуур гардаггүй монгол ёсыг 
Бэлийн чулууг буйрнаас нь хөдөлгөдөггүй их ухааныг 
Ургаж байгаа наран доогуур адуу усанд цувж байгааг
Усны мандал дээр нар тусаад гялбаж байгааг л 
Монгол гэнэ 
Даага унасан хүүхдүүд талд уралдаж байгааг
Даалимбан тэрлэгээ урагдтал барилдаж байгааг 
Дөрөө харшуулсан хосууд уяан дээр бууж байгааг
Дөтөлж холдсон зам их талд уусахыг л 
Монгол гэнэ
Зөөлөн борооны дараа солонго татаж нялх ногоо өнгөө засахыг 
Зөрөг замыг хажуугаар хос тогоруу цам харайж байгааг 
Уяан дээр суусан шаазгай сайн мэдээ дуулгаж байгааг
Уул хайрханы овоонд цэнхэр хадаг намирч байгааг 
Монгол гэнэ.    

                                                           Д.ҮЙЛСДЭЛГЭРЭХ

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %