Цар тахлын үед Баяжуулах үйлдвэр хил гаалийн нөхцөл байдалтай холбоотой ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Сүүлийн үед экспорт болон импортын урсгал саарч, зэсийн баяжмалаа гадаад худалдаанд гаргахад, үйлдвэрлэлийн технологийн материал, тоног төхөөрөмжийн засварын сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтэд хүндрэл учрах болсон. Иймээс нөөц материалаараа хэдий хугацаанд ажиллах вэ гэдэгт дүгнэлт хийж, нөөц төлөвлөгөө хэрэгжүүлэн нэгдүгээр улиралд ажиллаж байна. Технологийн байгаа материалаа гамтай ашиглахын тулд оны дундуур хийхээр төлөвлөсөн тоног төхөөрөмжийн томоохон засваруудыг нэгдүгээр улиралд хийжээ. Тухайлбал, Өөрөө нунтаглах хэсэгт ММС тээрэм солих ажил үргэлжилж байна. Ингэснээр технологийн нормчлогдсон материалууд, ган бөөрөнцөг, цуглуулагч урвалжууд болон бусад туслах материалуудыг хэмнэх боломж бүрдэнэ. Хүхэрт натрийн нийлүүлэлт саатсанаас молибден задгай схемээр хураагдаж байна. Технологийн матераилын нийлүүлэлт хэвийн болохоор баяжмалаа гаргаад, үйлдвэрлэлээ нөхөөд явах бүрэн боломжтой гэж Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн албаны дарга А.Машбаяр мэдээллээ.
М.ОДГЭРЭЛ















