Автотээврийн цехийн Технологийн тээврийн Авто засварын хэсэгт хүнд даацын өөрөө буулгагч автомашины тоо энэ онд нэмэгдсэн. Иймээс техник үйлчилгээний үечлэл хоорондын зай холдож, урсгал засварын цаг ихэссэн тул 130 тонны Белаз автомашины засварын техник үйлчилгээний шинэ бригад ажиллуулжээ. Ингэснээр Белазуудын техник үйлчилгээний төлөвлөгөөт мото/цаг хэмжээндээ хүрч, үйлчилгээ хоорондын урсгал засварын цаг буурсан байна. Түүнчлэн урсгал засварыг багасгах эвдрэлийг эрт илрүүлэх зорилгоор ГАЗ засварын машинтай засварчдыг Ил уурхайд ажиллуулснаар засварын газар руу хүнд даацын автомашинууд жижиг засвараар орж ирэхгүй болж, түлшний хэмнэлт гарчээ. Ил уурхайд ажиллаж буй засварчид дотоод шаталтын хөдөлгүүрийн тосны даралт, хүч дамжуулах ангийн бүрэн бүтэн байдал, тосны түвшин, дуу чимээ, дугуй хийлэх, жолооны механизмын чангалгаа, цахилгаан хөдөлгүүрүүдийн щётка зэргийг шалган ажиллаж байна. Мөн 15 машины хөдөлгүүрт калибровка тохиргоо хийснээр түлшний зарцуулалт буурчээ.
Т.Батчулуун
Фото: Б.Баттөгс















