Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчдийн гар нийлсэн зүтгэл

     Дэлхийн шилдэг технологийг эх орондоо амжилттай нутагшуулж, Монгол Улсын металлургийн хөгжилд түлхэц үзүүлж яваа хамт олон бол Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийнхэн юм. Хоёр жилийн өмнө индукцын хос шугам нэвтрүүлснээр бүтээгдэхүүнийх нь чанар эрс сайжирч, эдийн засгийн үр ашиг өссөөр... Гэсэн ч биднийг очиход ган бөөрөнцгийн шинэ урсгал бэлдцийн нийлүүлэлтээс үүдэн түр тасалдсан байлаа. Энэ бол хангамжтай холбоотой тусдаа  асуудал. Харин ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид ирээдүйдээ итгэлтэй, шинийг санаачлан эрчтэй бас эвтэй ажиллаж байгааг харах урамтай. Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно гэдэг дээ.  

Краны замыг засварлаж байна 
     Цехийн гаднах вандан краны төмөр замд их засвар орсон бололтой их ажил өрнөсөн талбар биднийг угтлаа. Тендерт орон нутгийн компани шалгарч, нийт 730-аад сая төгрөгийн ажлыг энд нугалж байна. Краны төмөр замыг тавиад дууссан харагдана. Удахгүй маркшейдерийнхан ирж өндөр нам, далий муруйг нь тааруулах гэнэ. 10 гаруй жилийн өмнө дэр модыг нь солихоос өөрөөр засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй энэ замд бетонон дэр суулгажээ. Орчин үеийн стандартад ийнхүү нийцүүлснээр чанарын баталгаа 30 жилээр хангагдах юм. Ган бөөрөнцгийн цехийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан вандан краны 360 метр урт төмөр замын их засварын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй явна. Замын хашлага шинэчлэх, ус зайлуулах шуудуу татах гээд чимхлүүр ажлыг цогцоор нь хийж дууссанаар краны болон ачаа тээврийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдах юм.   

Ган бөөрөнцгийн бат бөхийг шалгах төхөөрөмж бүтээжээ
     Үйлдвэрлэлийн хэсгийн үүдэнд конвейрийн систем бүхий өндөр төхөөрөмж анхаарал татлаа. Тус цехийн залуус, Хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран ган бөөрөнцгийн бат бөхийг шалгах төхөөрөмж бүтээсэн нь энд тавигдаж. Чанарын хяналтын хэлтэст ашиглагдахгүй байсан, хуучин раманд засвар үйлчилгээ хийгээд нэмэлт туузан дамжуургын систем суурилуулан хагас автомат төхөөрөмж хийснээр бүтээгдэхүүнийхээ чанарыг өндрөөс унагаж өөрсдөө шалгах боломжтой болжээ. Гурван ээлжийн ажилчдын үйлдвэрлэсэн 80 мм-ийн голчтой ган бөөрөнцөг өндрөөс 4200 удаа унасан ч бүтэн хэвээрээ, металл өнгө нь улам тодорсон харагдана. Баяжуулах үйлдвэрийн ихэнх тээрэм дунджаар зургаан метр, ММС тээрмийн өндөр есөн метр бөгөөд тийм өндрөөс ган бөөрөнцөг хүдэртэй холилдож чөлөөт уналтаар хүдэр нунтагладаг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн энэ процессыг л эдний залуус өөрсдийн хийсэн төхөөрөмж дээр энгийн аргаар туршиж буй хэрэг. ХАБ-ын инженерүүд дуу намсгах, эрсдэл үүсэхгүй байх талаас нь бодож ажилласан бол механикууд тооцоо судалгааны бичиг цаастай холбоотой ажлыг нь гүйцэлдүүлэхээр шамдаж байна. Мөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн судалгааны багийнхан тэдэнтэй хамтарчээ. 

Бул солих төхөөрөмж 170 сая төгрөг хэмнэнэ   
     Ган бөөрөнцөг цувих шугамын бул солино гэдэг цаг хугацаа, хүн хүч, техник төхөөрөмж, хөрөнгө мөнгө шаардсан сүрхий ажил байдаг. Эднийх жилд 10 хос бул сольдог. Тэр тоолонд Засвар механикийн заводод захиалга өгнө, амралтын өдрүүдээр бригад дуудна, машин захиална гээд нилээд цаг хугацаа алдаж, мөнгө санхүүгийн тооцоо гарч байж, үйлдвэрлэл хэвийн үргэлжилдэг байжээ. Нэг бул солиулахад таван сая төгрөгийн зардал гарна. Хосоор нь солиход 10 сая болно. Цехийн дарга А.Отгончулуун залуустаа чадна гэсэн итгэл, өдөөлт, үүрэг даалгавар өгснөөр ган бөөрөнцөг цувих шугамын бул шахах төхөөрөмж хийчихэж. Үүнд Механикийн албаныхан голлох үүрэгтэй оролцсон. Тэр төхөөрөмж нь цахилгаан зарцуулахгүй, нарийн ажиллагаагүй, маш энгийн. Гэхдээ жилд 170 сая төгрөг хэмнэх чадалтай. Өндөр даралтаар оруулсан булыг шахаж гаргах энэ төхөөрөмжийг хийх ажиллагаа нь бүтээмж чанарын дугуйлангийн сайн төслийн ангилалд багтаад, бүтээмжийн багш нар зөвлөгөө өгөөд, эдийн засгийн тооцоолол нь гараад, үнэлэгдээд явж байна. Ажилчдадаа итгэл өгч, хөглөж урагшлахын гайхамшиг энэ. 

Хөргөх дамжлага бүтээгдэхүүний чанарыг сайжруулна 
     Эрдэнэтийн Овоо ордын олборлолт доошлохын хэрээр хүдрийн хатуулаг жилээс жилд нэмэгдэж байна. Цагийн дотор нунтагладаг байсан хүдрийг дөрвөн цаг зарцуулж нунтаглан гаргах хэмжээнд хүрсэн. Илүү ажиллагаа, илүү зардал шаардаж байгаа нь тодорхой. Иймээс Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах эрэл хайгуул, судалгаа туршилт хийсээр, үр дүнд хүрсээр... Тэд үйлдвэрлэлийн дамжлагадаа 24 метрийн урттай, хоёр конвейр нэмэхээр зэхэж байна. Үүнийг нь Засвар механикийн заводын төмрийн дархчууд хийж байгаа гэнэ. Энэ ямар учиртай, ямар хэрэгтэй эд вэ гэхээр ган бөөрөнцгийн чанарыг эрс сайжруулахад хөргөх дамжлага хэрэгтэй. Хөргөлтийн барбанаас “шаар” 130-180 хэмийн халуун гарч ирнэ. Тодорхой хугацааны дараа 120-130 хэмийн халуун болоход нь амраах зууханд оруулж, буцаагаад 200-220 хэм хүртэл халаадаг. Ингэснээр ганг зөөллөж байгаа хэрэг. Хатуулаг өндөр байх нь бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлнө. Түүнээс гадна амраах зуух руу орж байгаа “шаар”-ын хэм бага байх тусам үр дүн илүү сайн гардаг. Тиймээс 24 метрийн урттай, хоёр конвейраар дамжих явцдаа тасалгааны температурт “шаар” 60-80 хэм хүртэл хөрнө гэж тэд үзэж байна. Ингэхдээ хөргөлтийн систем, сэнснүүд тавьж ашиглана гэж цехийн дарга ярилаа. Технологийн маш нарийн горим, тохиргоо шаарддаг үйлдвэрлэл байх нь. Ган бөөрөнцгийн цехээс гарч буй бүтээгдэхүүний чанарын туршилтыг Баяжуулах үйлдвэрийн тээрэм дээр бодитоор хийснийг тодхон санаж байна. Нунтаглан баяжуулах хэсгийн 4-р тээрэм дээр зөвхөн эдний ган бөөрөнцгийг ашигласан. Харин хажуу талынх нь тээрэмд импортын ган бөөрөнцөг хийсэн. Үйлдвэрлэлийн энэ туршилтаар Эрдэнэт үйлдвэрийн Ган бөөрөнцгийн цехийн бүтээгдэхүүн импортын “шаар”-наас хувийн зарцуулалт бага гарсан. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэрийн “шаар”-ын чанар сайн гэдэг нь туршилтаар батлагдсан. Тэгвэл дэлхийн түвшний судалгаа тооцоо, ажилчдын нь хичээл зүтгэл, сэтгэлийн хүчинд Эрдэнэт үйлдвэрийн бас нэгэн бренд бүтээгдэхүүн болох ган бөөрөнцгийн чанар дахин сайжрах нөхцөл шинээр бүрдэж байгаа нь бахархмаар... 

     Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчид он гарсаар 10 гаруй бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлсний зах зухаас сурвалжлахад ийм байна. Ган бөөрөнцөг үйлдвэрлэгчдийн гар нийлсэн зүтгэл эдийн засгийн асар их хэмнэлт, үр ашиг авчирсан, ажлын байрны эрсдэл бууруулсан, хөдөлмөр хөнгөвчилж, бүтээмж нэмэгдүүлснээс гадна ажилчдад сэтгэлийн их хүч, урам зориг өгчээ. Эвлэж ажилласан бүтээлч хамт олны үйлс нь өөдөө байх болтугай.

М.Одгэрэл
Фото: Ш.Лхамсүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %