Цөмийн энергийн тухай хуулийн дагуу ионжуулагч цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага нь цацрагийн үүсгүүртэй гардан харьцаж ажилладаг ажилтнуудаа хоёр жил тутам цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсөн хөтөлбөр бүхий мэргэжлийн байгууллагын цацрагийн хамгаалалтын сургалтад хамруулах үүрэгтэй. Энэ дагуу Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтсээс 2021 онд цөмийн хэмжүүрийн цацрагийн аюулгүй ажиллагааны сургалтад цацрагтай ажиллагч 38 ажилтан, рентген шинжилгээний багажийн цацрагийн аюулгүй ажиллагааны сургалтад 42 ажилтныг хамруулахаар төлөвлөж, энэ сарын 4-ний өдрөөс 3 хоногийн цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад хамрагдаж буй ажилтнуудад хоёр жилийн хугацаатай гэрчилгээ олгох бөгөөд дараагийн ээлжийн сургалтыг энэ сард багтаан хийж, үлдсэн ажилтнуудыг хамруулна гэж зохион байгуулагчид онцлов.

Эрдэнэт үйлдвэр нь аж үйлдвэрийн салбарт хамгийн олон цацрагийн үүсгүүр хэрэглэгч гэж тооцогддог. Тус үйлдвэрийн хэмжээнд цацрагийн үүсгүүртэй харьцдаг, мэргэжлийн шарлагын хяналтад хамрагддаг, цацрагтай ажиллагч нийт 56 ажилтан байна. Эдгээр ажилтнуудаас гадна цацрагийн дотоод хяналт тавих, цацрагийн болзошгүй ослын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтнуудыг мөн тус сургалтад хамруулдаг бөгөөд энэ онд нийт 80 ажилтныг сургалтад хамруулахаар төлөвлөжээ.

Эрдэнэт үйлдвэрийн цацрагтай харьцаж ажилладаг ажилтнууд “Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг” ТББ-аас явуулдаг сургалтад 2019 оноос хамрагдаж эхэлсэн байна. Сургалтыг цацрагийн үүсгүүрийн онцлогоос хамаарч, цөмийн хэмжүүрийн болон рентген шинжилгээний багажийн цацрагийн аюулгүй ажиллагаа гэсэн хоёр төрлөөр зохион байгуулдаг аж.
М.Балжинням















