Даваа гараг бүрт хуралддаг Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хувь хүн бүр хариуцлагаа өндөржүүлснээр сарын дотор ковидын тархалтыг зогсоосон Тайвань улсын туршлагыг нэвтрүүлэхийг уриалав. Түүнчлэн ажлын байрны нягтралыг бууруулах зорилготой ээлжийн горимоор ажиллах Ерөнхий захирлын А/305 тоот тушаалыг хэрэгжүүлэх, түргэвчилсэн тестээр ажилтан бүр өөрийгөө шалгаж, ажлын байранд нэвтрэх зэргийг ажил хэрэг болгохоор зорьж байгаа тухайгаа танилцууллаа. Учир нь энэ сарын 4-нөөс 20-ныг хүртэл Эрдэнэт хотод ковид цар тахлын дэгдэлт эрчимжих тухай судлаачдын дүгнэлт гарсныг үндэслэн, үүний эсрэг хариу арга хэмжээг яаралтай авах талаар Төв штаб төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.
Шуурхай зөвлөгөөнөөр үйлдвэрийн бүтцийн нэгжүүд 7 хоногийн ажлаа дүгнэн ярилцдаг. Үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА-н ямар нэгэн зөрчил гараагүй, ХАБ-ын сургалтууд төлөвлөгөөний дагуу цахимаар явагджээ. Энэ 7 хоногт Цахилгаан цехэд ХАБЭА-н дөрөвдүгээр шатны үзлэг явуулна, баяр наадмын үеэр ХАБЭА-н чиглэлээр тусгай төлөвлөгөө гарган мөрдөнө гэж ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд мэдээлэв.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа талаар Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ. Үйлдвэрийн хэмжээнд хавар зуны бэлтгэлд 282 ажил төлөвлөснөөс 220 ажил бүрэн биелж, 78,01 хувьтай явна гэж тэрбээр ярив. Эрдэнэт үйлдвэрт ОХУ-ын Зарубеж геологийн экспедицээс 24 хүн хүрэлцэн ирсэн бөгөөд ГХА-тай хамтран Эрдэнэт орчимд эрдэс баялгийн нөөцийн дорвитой судалгаа хийх тухай Геологимаркшейдрийн хэлтсийн дарга А.Ундрахтамир мэдээлэв. Эдгээр мэргэжилтнүүдэд тусгаарлалт болон халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхийг санууллаа.
Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр мэдээлэлдээ: “Эрдэнэт үйлдвэрт өнөөдрийн байдлаар 4187 ажилтан буюу нийт ажилтны 62,4 хувь нь хэвийн горимоор ажиллаж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 0,8 хувиар буурсан байна. Вакцинд хамрагдаагүй болон нийгмийн цехийн ажилтнуудад цалинтай чөлөө олгох, ээлжийн бусаар ээлжийн амралт олгох зэрэг хөдөлмөр зохицуулалт хийж байгаа. Түүнчлэн үйлдвэрийн нийт ажилтны системийг Хур системд бүрэн шилжүүллээ. Өнгөрсөн 7 хоногт ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт болсон. Энэхүү жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр 19 дэх удаагаа тэргүүлллээ. Уурхайчин хамт олондоо баяр хүргэе.” гэв.
Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээлэлдээ: “Засварын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байна. Шинээр хоёр БелаЗ ирсэн, угсарч байгаа. Энэ 7 хоногт ажилд оруулна. Их зогсолтын бэлтгэл ажилтай холбогдуулан засвар үйлчилгээний ажилчдын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчлох шаардлагатай байгаа” гэв.
Шуурхай зөвлөгөөнийг дүгнэж Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр цар тахлын энэ хүнд нөхцөлд жигд сайн ажиллаж байгаа нь ажилтнуудын сахилга хариуцлага, өндөр ёс зүйтэй холбоотой. Цаашдаа ч Эрдэнэт үйлдвэр ямарч нөхцөлд тасралтгүй, хэвийн ажиллах ёстой гээд үүний тулд өөрсдийн горимд тохирсон хөдөлмөр зохицуулалт, дэг журамтай ажиллах нь зүйтэй”-г онцолсон юм. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай хил гааль дээр саатсан бараа материалыг татан авах, их зогсолттын бэлтгэл ажил, нөөц бүрдүүлэлтийг хангах, ковидын түргэвчилсэн оношлуур, ПСР-ийн шинжилгээний бодисын нөөц бүрдүүлэх, “Эрдэнэт” соёл спортын цогцолборын дээврийн ажлыг яаравчлах, Уурхайчин хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллахыг бүтцийн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.
Я.Энхтуяа















