АВАРГА МЕХАНИКЧ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Цэнгэл нуурын дунд хөндий хэмээх газар 1973 оны өвөл   малчин Чүлтэмсүрэнгийнд  тав дахь хөвүүн мэндэлсэн нь  одоогийн Ил уурхайн Зам овоолгын хэсгийн механик, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Түмэнбаяр юм. Хоймор нутгийн унаган  хүү  ах дүү есүүлээ  бужигнаж өсчээ.  Тэр хурдан хүлгийн   зоон  дээр гийнгоо аялсан унаач байснаа,  идэр есийн хүйтнийг ч үл ажран тракторын тэвшин дээр дуулалдсаар сургуульдаа очдог үеэ, дотуур байрны хөгжөөнт он жилүүдээ дурсан даруухан мишээнэ. Наймдугаар ангиа төгсөөд Дарханы Техникийн коллежийн суурин дизелийн ангийг сонгосон нь учиртай. Эрдэнэтэд суурьшсан ахынхаа бахархан ярих аварга үйлдвэр, орчин үеийн гоёхон хотод  ажиллаж  амьдрах холын мөрөөдөл тээсэн нь тэр. Коллежоо дүүргээд 1992 онд Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд энэ л хэсэгтээ засварчнаар тэр ажилд оров. “Намайг  хэсгийн дарга, одоогийн цехийн  дарга Б.Отгондаваа, багш Б.Сүхбат, ахмад ажилчид маань  өлгийдөн авсан. Ахмадуудаа даган дуурайж, тэдэндээ “нухлагдаж”, “шүүсээ шахуулж” л хөдөлгүүрчин болсон доо. Эргээд бодоход тэдний минь хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон үнэ цэнтэй байж...” гэв. Аварга маань “Хөдөлгүүрийн гэмтлээ олж оношилчхоод, техникээ асаан дууг нь сонсож суух мөн ч сайхан мэдрэмж дээ” гэсэн юм. “Бидний судсаар цус саадгүй гүйж байж, бие эрүүл байдгийн  адил  уулын аварга техникийн хөдөлгүүрийн блокон доторх нарийхан сувгаар тос чөлөөтэй гүйснээр  эд ангиуд хэвийн ажилладаг. Моторын даралт өндөр  байх тусмаа сайн. Даралт унавал холхивчууд элэгдэж мотор цохино” гээд л техникээ хүний эд эрхтэнтэй зүйрлэн тайлбарлах. Техникийн эвдрэл гэмтэл, саатлыг олж тогтоох, засаж сэлбэх засварчид, механикчдын ажил  ачаалал ихтэй, хэдэн ч цагаар үргэлжилж мэдэх нарийн төвөгтэй. Хөдөлмөрийн хууль зөрчин бүтэн 24 цаг ажил дээрээ байх үе ч бий. Эв дүй, оюун ухаан, уйгагүй зүтгэл шаардсан энэ чухал үйлсэд Түмээ чин сэтгэлээ зориулсаар ирсэн. Замын техникийн  засварчнаар мэргэшсэн залуу онолын мэдлэгээ ахиулахаар үйлдвэрийн дэргэдэх Технологийн дээд сургуульд суралцан, автын механик инженер болов. Дипломоо гардаад удаагүй түүнийг удирдлага нь засварын механикаар дэвшүүллээ. Засварчин байх  үед нь түүнд Хөдөлмөрийн баатар Т.Нямжав гуай нэгэнтээ “Манай хэсгийн техникийн бодлогыг  тодорхойлох  хүн нь чи юм шүү. Би өөрийг тань сайн мэргэжилтэн болно гэж итгэж байна, хичээгээрэй” гэж аминчлан захисан нь Ч.Түмэнбаярыг таньж мэдсэн  хашир баатрын алсын хараа гэлтэй. Түмээ хөдөлмөрийн  гараагаа  эндээс  эхэлж одоо  29 дэх жилдээ ажиллаж байгаа ахмад  ажилтны нэг.  Тэр уурхайчин залууст: Үг даах ухаантай, ачаа даах тэнхээтэй, өл даах тэвчээртэй байхыг сургана. Гэр бүл, үр хүүхэдтэй болж буй залуусаа хараад   амьдрал нь баталгаажиж буйд баярлан, догдолно. Ч. Түмэнбаяраас уурхайчин хүний гүндүүгүй гүдэсхэн хэрнээ уяруу зөөлөн сэтгэл  ямагт “үнэртдэг” гэж хамт олон нь  ярих юм билээ. 

Түүний тухай ахлах механик О.Тогтохбаяр “Манай Түмэнбаяр их л зөв хүн дээ. Ажилд чин сэтгэлээсээ ханддаг. 20 шахам жил засварчнаар ажиллаад, сүүлд инженер болоход нь би ахлах механикийн  хувьд түүнийг сонгож механик болгосон нь оносон. Тэр шулуун шударга зантай, зарчимч хүн. Цаг аргацаасан, хүн хуурсан үйлдэлд тун дургүй. Хүний мөс чанар сайтай даа. Залуусын алдаа дутагдлыг хэлж,  юун түрүүн цалин мөнгөтэй нь тооцох биш, дахин алдахгүй байхад нь санаа тавьж  тусалдаг. Түмэнбаярын угсарсан хөдөлгүүр их чанартай, удаан эдэлгээтэй байдаг. Хуучин сэлбэг материал ашиглан, мэдлэгээ шингээж хийсэн бүтээлүүд нь жилд 100 саяас доошгүй эдийн засгийн үр өгөөж өгдөг. Ийм л бүтээлч, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүн дээ” гэсэн юм. Ил уурхайн дарга Б.Отгондаваа: “Ч.Түмэнбаяр бол манай шилдэг, тэргүүний механикуудын нэг. Дөнгөж сургууль төгсөөд манай хэсэгт засварчнаар орж байсан. Тэр үеэс л хичээнгүй, хөдөлмөрч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, нягт нямбай  залуу болох нь ажиглагдсан. Манай Түмэнбаяр энэ сайхан чанаруудаа улам өнгөлөн зүлгэсээр, залууст өвлүүлж яваа. Олон арван санаачилга гарган үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж байна. Одоо Эрдэнэт үйлдвэрийн  Тендерийн хороонд ажиллан, хөрөнгө оруулалтаар авах техникийг оновчтой сонгоход  түүний мэргэжлийн мэдлэг чухал байдаг” гэв. 

Тэр А үсэг анхлан заасан багшаа балчирхан оюуныг минь задалж, санах сэрэх ухаан,  хөгжиж боловсрох харгуйг нээсэн ачтан хэмээн  шүтнэ.  Иймээс ч бурхан надад  багш хань заяасан гэж ярих. Тэр Булган хангайн үзэсгэлэнт энэ нутагт амьдралын түшиг тулгуур сайхан ханьтайгаа учирчээ. Гэргий  Ц.Энхтуяа нь  14-р сургуульд багшилдаг. Тэд амьдралынх нь утга учир, гэрэл гэгээ болсон  хоёр сайхан охинтой. Ууган охин нь их сургуулиа төгсөөд Улаанбаатар хотноо магистрт суралцаж байгаа бол бага охин нь  Герман улсын Лайпциг хотноо их эмч болохоор зорьж яваа. Хоёр улсын хооронд  харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр Германд суралцагчдын төлөөлөл болон сэтгүүлд өгсөн охиныхоо ярилцлагыг баярын нулимстай уншиж суусан нь саяхан. Тэр ханиа халамж сайтай төдийгүй эргэн тойрондоо эрдмийн гэгээ цацруулагч,  эгэл жирийн засварчин намайг ч  инженер болох, сурч хөгжихөд хамгийн ихээр “түлхсэн”  хэмээн  магтсан.

Ч.Түмэнбаяр техникийн засвар үйлчилгээний ажилд олон шинэ санаа, бүтээл хийж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. ДЭТ-250 гинжит   бульдозерын  цахилгаан  хөдөлгүүрийн   халалтыг бууруулах, хөргөлтийн нэмэлт сэнс угсарч ажиллуулсан нь  техникийн сул зогсолтыг бууруулж ажлын бүтээмжийг нэмэгдүүлсэн байна. Мөн CAT16H, КОМАЦУ GD825А маркийн автогрейдерын ажлын хүрдний шүдний элэгдлийг тэнцвэржүүлж ашиглалтын хугацааг нэмэгдүүлж сэлбэг материалын зардлыг бууруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. КАТЕРПИЛЛЕР, КОММАЦУ, LIEBHEER фирмийн хүнд машин механизмуудын хурдан элэгддэг ажлын эд ангиудын  зураг төслийг боловсруулж, Засвар механикийн заводоор хийлгэн  ашигласнаар импортоор авдаг материалын  зардлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

Ил уурхайн тасралтгүй ажиллагааг хангаж,  төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг давуулан биелүүлж,  Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт Ч.Түмэнбаярын оруулсан   хувь нэмэр их.

Аливаад  чин сэтгэлээсээ ханддаг  түүний ажил амьдралд үргэлжид  гэрэл гэгээ цацарсаар авай.

Я.Энхтуяа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %