Бидний дотны нөхөр, Монгол Улсын Гавьяат уурхайчин, Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, Техникийн ухааны доктор, уулын инженер-маркшейдер Надмидын Бямбадорж 2021 оны 04 сарын 03-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Н.Бямбадорж нь Монгол улсын уул уурхайн салбар, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшилд өөрийн зүрх сэтгэл, эрдэм боловсрол, мэдлэг оюун, ухамсарт амьдралаа бүрэн зориулсан арвин баялаг дадлага туршлагатай, холч ухаантай, шилдэг инженер байлаа. Тэрээр 1957 онд Булган аймгийн Сайхан суманд төрж, 1975 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг уулын инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн юм.
Н.Бямбадорж нь ажил хөдөлмөрийн гараагаа Эрдэнэт үйлдвэрээс эхэлж, 1980-1994 онд тус үйлдвэрийн Хүдрийн ил уурхайд хэсгийн маркшейдер, Ерөнхий маркшейдер, 1994-1999 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий маркшейдер, Геологи, маркшейдерийн хэлтсийн дарга, 1999-2016 онд Хүдрийн ил уурхайн дарга, 2017 оноос Ерөнхий захирлын Зөвлөх, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төслийн удирдагчаар идэвхи зүтгэлтэй, өндөр үр бүтээлтэй ажиллаж байлаа.
Тэрээр Техникийн ухааны доктор, ОХУ-ын Эрхүү хотын Техникийн их сургуулийн Хүндэт доктор, Монгол Улсын ШУТИС-ийн профессор, "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн байсан юм.
Булган нутгийн хүү Н.Бямбадоржийн хөдөлмөр, зүтгэл, ажлын үр дүнг Монгол Улсын төр засаг өндөрөөр үнэлж, 2001 онд "Тэргүүний уурхайчин" цол тэмдэг, 2003 онд Алтан гадас одон, 2010 онд Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор тус тус шагнасан билээ.
Н.Бямбадорж нь Эрдэнэт үйлдвэрийн анхдагчдын нэг бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдлагын өвөрмөц арга барилтай, хамт олныхоо итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, олон түмэндээ нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн инженер, удирдагч, эрдэмтэн байлаа.
Монгол Улсын Гавъяат уурхайчин, бидний дотны нөхөр Н.Бямбадоржийн маань Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшил, хамт олныхоо сайн сайхны төлөөх үйлсэд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, түүний хүнлэг энэрэнгүй, тусархаг, гүндүүгүй, зарчимч, шулуун шударга зан чанар нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Удирдлага, Хамт олон















