Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсэгт 2019 онд суурилуулсан MP-800 бутлуурын хүчин чадлыг бүрэн ашиглах, шигших гадаргууг нь нэмэгдүүлэх зорилгоор шигшүүр, хоёр конвейер нэмж суурилуулан өнгөрсөн долоо хоногт ажилд орууллаа. Бутлуурын дор хос шигшүүртэй болсноор шигших гадаргуу хоёр дахин нэмэгдэж 72 м2 болжээ. Ийнхүү шигшүүр, конвейерууд нэмж суурилуулснаар бутлуур бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж, Нунтаглан баяжуулах хэсэг рүү дамжуулах хүдрийн хэмжээ цагт 110 тонноор нэмэгджээ. Зүйрлэвэл цаг тутамд белаз дүүрэн бутлагдсан хүдэр Төв корпус руу нэмж ачигдаж байна гэсэн үг. Мөн жижиг бутлуурт дахин бутлах хүдрийн хэмжээ багассан байна.
Энэхүү бүтээн байгуулалтын талаар Бутлан тээвэрлэх хэсгийн дарга Л.Баяраа: “Манай механик инженерүүдийн санаачилгаар шигшүүр, хоёр конвейер суурилуулсан нь их үр дүнтэй ажил боллоо. Уг тоног төхөөрөмжийг суурилуулах бэлтгэл ажил 1-р сарын 25-нд эхэлж, 3-р сарын 8-нд залгасан. Шигшүүрийн үр ашиг 10 хувиар нэмэгдлээ. Шигшүүр, конвейеруудыг залгаснаас хойш Нунтаглан баяжуулах хэсэг рүү дамжиж буй хүдэр цагт 110 тонноор нэмэгдэж, 3200 тонн боллоо. Бутлуурын бүтээмж нэмэгдсэнээр үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх боломж бүрдэж байна. Мөн Судалгаа шинжилгээний хүрээлэнгээр сорьцлол хийлгэхэд бүтээмж сайжирсан нь тогтоогдсон. Түүнчлэн Нунтаглан баяжуулах хэсэгт тээрэм зогсож, засварлах үед бутлуур шигшүүрийн засварын ажлыг дагаж хийдэг байсан бол, одоо бид засварын ажлаа түүнээс хамаарахгүйгээр хийх боломжтой боллоо. Энэ бүтээн байгуулалтын ажилд “Техмонтаж” компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, Бутлан тээвэрлэх хэсгийн ажилчид оролцлоо. Уг ажлыг манай ахлах механик З.Энхбаатар зохион байгуулан ажиллалаа” гэв.
Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС















