Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт анхны босоо тээрмийг суурилуулж, угсралтын ажил 90 хувьтай явна. Ирэх долоо хоногоос туршилтын залгалт эхэлнэ, гэж Нунтаглан баяжуулах хэсгийн дарга Т.Гэрэлт-Од мэдээллээ. Босоо тээрэм нь хүдэр гүйцээн нунтаглалтын хувьд дэлхийд нэвтэрч буй орчин үеийн шинэ технологи юм. Зэс молибденыг салгахын тулд гүйцээн нунтагладаг. Япон улсад үйлдвэрлэсэн ETM-700 маркийн энэхүү босоо тээрмийг ашигласнаар технологийн үзүүлэлт, нунтаглалтын үр дүн сайжирч, металл авалтын хэмжээ өсөх боломж бүрдэх аж. Уг тээрмийн суурь цутгах, будгийн ажлыг Барилга засварын цехийнхэн гүйцэтгэжээ. Тээрмийн угсралтыг Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, металл хийц угсралтын ажлыг Засвар угсралтын цехийн Засвар угсралтын хэсэг, Цахилгааны угсралтыг Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсэг, Засвар угсралтын цехийн Угсралт тохируулгын хэсэг, автоматжуулалтыг Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн хамт олон гүйцэтгэлээ. Энэхүү тээрмийн угсралт, тохируулгын үед Япон улсын мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдон, зөвлөгөө мэдээлэл авч ажиллажээ.
Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС















