“Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборын гадна талбайн ажилчин Ц.Цэнддорж сар шинийн босгон дээр Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн спортын Олон улсын хэмжээний мастерын тэмдэг гардлаа. Тэрбээр 2020 онд Хүчний гурван төрөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 93 кг-ийн жинд цээжиндээ 260 кг шахаж, олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ.

Ц.Цэнддорж уг спортоор 8 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд 2014 оноос Улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож, гурван алт, зургаан мөнгө, 10 гаруй хүрэл медаль хүртжээ. Олон улсын хэмжээний мастер Ц.Цэнддорж: “Энэхүү спортоор хичээллэснээр эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, бие бялдар өв тэгш хөгжихөөс гадна эрч хүч нэмэгдэж, ажиллах чадвар сайжирдаг. Би цаашдаа тив дэлхийд өрсөлдөх зорилготой байна” гэв.
Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс















