Эрдэнэт үйлдвэрийн хүнд даацын машин механизмууд болон тээврийн хэрэгслүүд аймгийн Авто тээврийн үндэсний төвд техникийн улсын үзлэгт орж эхэллээ. Урд жилүүдэд нэг сарын хугацаанд техникийн үзлэг явдаг байв. Харин энэ удаа 14 хоногийн хугацаанд техникийн үзлэг явагдана. Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн 670 гаруй машин уг үзлэгт орохоор бүртгүүлсэн бөгөөд үйлдвэрийн дүүрэгт ажилладаг хүнд даацын машин механизмыг газар дээр нь очиж техникийн үзлэгт хамруулах аж.
Тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох эрх олгодог энэ үзлэгээр тухайн машины тэнхлэгийн тохиргоо, торомз, гэрэл дохио, эд ангийг шалгаж байна. Автомашины бүх эд ангийг нь шалган тэнцсэн тохиолдолд тамга дарж замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь сунгаж байгаа юм. “Машин техникийн хувьд насжилт бага учраас техникийн үзүүлэлт боломжийн шалгагдаж байна. Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан заасан журмыг мөрдөн бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар анхаарал тавин ажиллана” гэж Орхон аймгийн Авто тээврийн үндэсний төвийн оношлогч инженер Л.Энхцэцэг ярилаа.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС















