Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдыг халуун хоолоор хангах үүрэг бүхий “Сэлэнгэ” катаринг, хоолны цэсээ 21 хоног тутамд төлөвлөж, шинэчилдэг. Энэ хугацаанд хоолны нэр төрөл давтахгүй байхаар тооцож, нийт 180 орчим төрлийн нэг, хоёрдугаар хоол болон салат зууш, 35 нэр төрлийн талх, нарийн боов, амттанг өөрсдийн технологиор үйлдвэрлэж байна.
Өнөөдрийн байдлаар, тус катаринг өөрийн төв болон салбар нэгжүүдээрээ дамжуулан өдөрт 26 цех нэгжийн 1200 гаруй ажиллагсдад үйлчилж байна. Ковид-19 тархалтаас хамгаалах, ажилчдын дархлааг дэмжихэд онцгойлон анхаарч, “Дархлаа дэмжих цэс” гарган, энэ дагуу зарим нэр төрлийн хоол шинээр нэмжээ. Энэ цэсэнд тэжээл илчлэг өндөртэй, монгол үндэсний уламжлалт хоол түлхүү орсноороо онцлогтой. Тухайлбал, адууны махтай аарцтай шөл, булуу, тойгны шөл зэргийг монгол хүний биеийн онцлогт тохируулан хүргэж байна. “Дархлаа дэмжих цэс” аян хүйтний улирал дуустал үргэлжилнэ гэж “Сэлэнгэ” катарингийн эрхлэгч Б.Хантамир ярилаа.
“Сэлэнгэ” катаринг Ил уурхайн засварын хэсэг болон Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн байгууллагын белазын хэсгийн 700 орчим ажилчдад халуун хоолны үйлчилгээ үзүүлэх зорилготой нээгдсэн. Харин явцын дунд ажлын онцлог, шаардлага, зохион байгуулалт зэргээс шалтгаалан үйлчлүүлэх ажилчдын тоо эрс нэмэгджээ. “Сэлэнгэ” катаринг бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 3000 орчим хүнд үйлчлэх боломжтой юм.
М.Балжинням
Фото Б.Баттөгс















