Эрдэнэт үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсэгт “NKG-200-150-250” маркийн 30кВт-ын цахилгаан хөдөлгүүртэй “GRUNDFOS” брэндийн насосыг саяхан суурилууллаа. Энэхүү насос нь цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний үе шатанд идэвхт лагийг 2-р тунгаагуураас агааржуулах усан сан руу, илүүдэл лагийг эргэлтийн шугам, лагийн талбай руу шахах зориулалттай юм. Өмнө нь, ОХУ-д үйлдвэрлэсэн “СД-250/22,5” маркийн 22 кВт-ын цахилгаан хөдөлгүүртэй хоёр насосыг зэрэг ажиллуулж байсныг ийнхүү шинэ насосоор солилоо. Насосын засвар угсралтын ажлыг тус цех, хэсгийн инженер техникийн ажилтнууд, тоног төхөөрөмжийн засварчид, цахилгаанчид өөрсдийн хүчээр хийв. Тэд 2020 оны 12-р сарын 23-наас цахилгаан тэжээлийн кабель, удирдлагын самбар, шугам хоолой, насосын суурийг шинэчлэн сольж, энэ сарын 11-нд туршиж тохируулан технологийн горимд шилжүүлэн жигд ажиллагаанд орууллаа. “Уг насосыг суурилуулснаар цахилгаан эрчим хүч хэмнэж, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа сайжирч, бүтээмж дээшилж, засвар үйлчилгээний хугацаа уртасна” гэж тус хэсгийн тоног төхөөрөмжийн засварын механикч Д.Буйдан ярилаа.
Я.Энхтуяа















