“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хамт олон “Ухаалаг цахим архив” төслийн хүрээнд Санхүүгийн архивд хадгалагдаж буй цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, албан хэрэг хөтлөлтийн шатнаас тоон хэлбэрт оруулж, цахим үйл ажиллагаа нэвтрүүлэн, уурхайчдадаа болон Эрдэнэтчүүддээ архивын баримтаар нээлттэй, шуурхай үйлчилж байна. Ингэснээр, үйлчилгээний шат дамжлага цөөрч, иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчлэх нөхцөл бүрджээ. Өмнө нь Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн архивын ажилтан тооллого хийхдээ 5000 орчим материалыг тоолж дуусгахын тулд 200 гаруй өдөр зарцуулж, илүү цагаар маш их ажилладаг байсан. Харин архивын баримт бичиг, үйл ажиллагааг ухаалаг цахим хэлбэрт шилжүүлснээр тооллого, бүртгэлийн үйл ажиллагаанд зарцуулах хугацаа эрс багасаж, бүтээмж дээшилнэ, гэж мэргэжилтнүүд үзжээ. Түүнээс гадна инновац, дэвшилтэт технологи ашиглан гар ажиллагааг эрс багасгахын зэрэгцээ цаасны хэрэглээ ч мөн багасах юм.
Санхүүгийн архивыг ухаалаг цахим хэлбэрт шилжүүлснээр Эрдэнэт үйлдвэрээс тэтгэвэрт гарч байгаа иргэний санхүүгийн анхан шатны баримтын аюулгүй байдлыг хангах, санхүүгийн баримтын нууцлал зэрэг сангийн аюулгүй байдал бүрэн хангагдана. Тэд “Цахим архив” болон “Ухаалаг цахим архив”-ийг гурван үе шаттай нэвтрүүлжээ. Нэгдүгээрт, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нэгдсэн архивын 1995-2000 оны лавлагааны баримтыг 2019 онд бүрэн цахимжуулсан. Хоёрдугаарт, өөрийн хэлтсийн 50 гаруй нягтлангийн баримтуудыг баркоджуулан тусгай программ хөгжүүлснээр давхар хяналт, бүртгэлийн системийг бий болгожээ. Гуравдугаарт, хэлтсийн нэгдсэн архив болон санхүүгийн архивд “Ухаалаг цахим архив” төсөл хэрэгжүүлснээр сангийн анхан шатны материалуудын аюулгүй байдал болон ажлын бүтээмж дээшилсэн. Жишээ нь, хуучнаар 5000 орчим хадгаламжийн нэгжийг тоолж бүртгэлжүүлэх ажлыг 1740 цагт хийж дуусгадаг байсан бол ухаалаг цахим архив нэвтрүүлснээр уг ажлыг ердөө нэг минутад гүйцэтгэж байна. “Ийнхүү, байгууллагын үйл ажиллагааны бүтээмж эрс дээшилсэн нь хамгийн эхний үр дүн юм”, гэж Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Сан хөмрөгийн эрхлэгч П.Оюунбилэг ярилаа.
Эднийх “Ухаалаг цахим архив” төслийнхөө хүрээнд 10 орчим сая төгрөгийн “Integrated reader VI 89R” гарц дээр уншигч, “VH-81 UHF RFID handheld reader” өндөр давтамжит технологи бүхий зайнаас уншигч зэрэг нийт таван төхөөрөмж архивын системд нэвтрүүлж ийм үр дүнд хүрсэн байна. Эрдэнэт үйлд-вэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн санхүүгийн архивд энэхүү төслийг хэрэгжүүлснээр архивын ажлыг сайжруулах, мөн орчин үеийн техник технологийн ололт амжил-туудыг нэвтрүүлж, баримтын хадгалалт, хамгаалалт, эрэлт хайлт, эмх цэгцийг дээшлүүллээ. Үйлдвэрийн газартаа анхдагч байж чадсан, бүтцийн нэгж, бусад хэлтсүүдэд нэвтрүүлэх үндэс суурийг зөв тавьсан Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн бүтээлч хамт олонд баяр хүргэе.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс















