2020 оны хөрөнгө оруулалтаар Авто тээврийн цех хог зөөврийн тусгай зориулалтын машинтай боллоо. Өмнө нь Эрдэнэт үйлдвэр тэвштэй машинаар хогоо зөөвөрлөдөг байсан нь хэд хэдэн эрсдэл дагуулдаг байв. Байгаль орчинд хог асгарч хаягдахаас эхлээд агаар бохирдуулах сөрөг нөлөөтэйн дээр гараар хүрздэж ачиж байжээ. Экологийн цагдаагийн шаардлагын дагуу хог зөөврийн зориулалтын машинтай болсноор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурч, хөдөлмөр хөнгөвчлөгдөөд зогсохгүй аюулгүй байдал бүрэн хангагдлаа. Беларус улсад 2020 оны хавар үйлдвэрлэгдсэн MAZ маркийн энэхүү тусгай зориулалтын техник нь хогийг шахаж нягтруулах төхөөрөмжтэй, 14 кубын багтаамжтай, 16 тонны даацтай юм. Өөрөөр хэлбэл энгийн машинаар таван удаа зөөвөрлөх ачааг нэг удаагийн тээврээр гүйцэтгэх учраас эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй гэж Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж мэдээллээ.
Өнгөрсөн онд тус цех 15,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар парк шинэчлэл хийсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс















