Сэтгэлийн хүч-Зүтгэлийн илч

 
Та бидний сайн мэдэх газрын нэг бол Судалгаа шинжилгээний хүрээлэн. Цаг нартай уралдсан тэдний нарийн чимхлүүр ажлын үр дүнгээр баяжуулалтын технологи зөв голдрилоор явж, дэлхийд танигдсан бүтээгдэхүүний чанар сайн гардаг. Тэр ч утгаар нь Судалгаа шинжилгээнийхнийг Эрдэнэт үйлдвэрийн “судас баригч” гэж нэрлэх нь бий. Энд тодорхой ажилтай тунгалаг төрхтэй олон сайхан бүсгүй мэргэжил чадвараараа манлайлан ажилладаг. Тэдний нэг нь баяжуулагч Норзонгийн Лхамбаяр. 
Ховд аймгийн Булган сумын харьяат энэ эмэгтэй багын л хичээл сургуульдаа мэрийлттэй, хичээнгүй сүрхий охин явжээ. Дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техникумд элсэн суралцаж, нягтлан бодогчийн мэргэжил эзэмшихэд аавынх нь нөлөө их байсан болов уу. Түүний аав Худалдаа бэлтгэлийн ангийн даргаар нутагтаа 40 шахам жил ажилласан, олны дунд нэр хүндтэй эрхэм байлаа. Аав нь арван хүүхдэдээ: “худал хэлж, хулгай хийж болохгүй, улсын ажлыг унагаж, хүний итгэл алдаж болохгүй” гэж захидаг байсан нь бяцхан охины ой тойнд тод сийлэгдэн үлдэж, хожим ажил, амьдралдаа мөрдөх гол “дүрэм” болжээ. Н.Лхамбаяр Ховд аймгийнхаа Худалдааны трестэд нягтлангаар ажиллаж байхдаа дадлагын оюутан залуутай танилцаж дотноссон нь тэдний гайхам сайхан хайрын эхлэл байв. Тэд гурван хүүхдийн эцэг, эх бололцон, хүнээс дутуугүй амьдарч байсан ч үрсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө залуусыг соронз мэт татсан Эрдэнэсийн хотыг зорьсон. Гэсэн ч санаснаар болдоггүй хорвоо түүнд хатуурхаж, магнайн толионд нь зурвас тодроогүй, толгойн үсэнд нь мөнгөн хяруу унаагүй байхад хань нь тэнгэрийн орноо одож, ангаахай адил гурван хөөрхөн үртэйгээ л үлдсэн. Хадмууд нь хэдий ойр байвч хүний нутагт бүсгүй хүн ажилгүй, өөрийн талын ах дүүгүй, өдөр шөнийн эргэлтэд аавыгаа нэхэн уйлагнах гурван хүүхдээс өөр ханьгүй амьдарна гэдэг ёстой л амьдын там санагдаж байсан нь мэдээж. Н.Лхамбаяр нутаг буцахаар шийдсэнээ хадам ах Ж.Баатархүүдээ хэлбэл, “Чи залуу хүн дахин сурч, Эрдэнэт үйлдвэрт хэрэгтэй мэргэжил эзэмш. Олны дунд  ажиллаж, хамт олонтойгоо ханьсаж амьдрах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон ч төв газраа үлдсэн нь дээр” гэж зөвлөснөөр ачаа бараагаа буцааж задалсан гэдэг. Тухайн үед хэлсэн болгоныг нь ухаарч ойлгох сэхээ байгаагүй ч, “Ах нь ажилд ороход нь тус дэм болъё” гэсэн ганц өгүүлбэр Эрдэнэтэд амьдрах итгэл төрүүлж байлаа. Ингэж л тэр, зоргоор болдоггүй тавилан заяаг зоригоороо туулахаар сэтгэл шулуудсан юм. 
Н.Лхамбаяр Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургууль дүүргэж, баяжуулагч мэргэжил эзэмшин одоогийн Судалгаа шинжилгээний хүрээлэнд 2003 онд баяжуулагчаар ажилд орсон. Эхний жилүүдэд ажилдаа тэнцэхгүй гологдох вий, алдаа гаргаж хүмүүст түвэг удах вий гэхээс эмээж, дахин дахин нягтлан шалгаж хичээдэг байжээ. Түүний анхны мэргэжил болох нягтлангийн мэдлэг чадвар нь судалгаа шинжилгээний ажилд ихэд хэрэг болно. Тооцоолол буруу хийвэл олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөрөө зориулсан судалгааны ажил гажуудах аюултай тул маш няхуур, нямбай хандах хэрэгтэй гэх. Тэрээр Судалгаа шинжилгээний хүрээлэнд 17 жил ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн болон хагас үйлдвэрлэл, лабораторийн туршилтын ажилд биечлэн оролцож, технологийн процесст нэвтрүүлж буй шинэ тоног төхөөрөмж, урвалжуудад туршилт, сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэж ирснийг журмын нөхөд нь  бахархан ярьсан. Үйлдвэрлэлийн технологийн хүндрэл гарахад мэргэшсэн, шуурхай, найдвартай учраас түүнд түрүүлж үүрэг өгч, илүү ачаалал үүрүүлнэ. Гэсэн ч хамт олныхоо итгэлийг зүтгэл дүүрэн хариулаад сурчихсан Н.Лхамбаяр бүхнийг амжуулаад инээгээд зогсож байна. Амьдралын ончроо нугачаанд түшиг тулгуур болж ирсэн хамт олон минь надад юу юунаас эрхэм гэж тэр ярих. Хөвүүлэн баяжуулагч мэргэжлийн тавдугаар зэрэгтэй тэрээр жилд 155 удаагийн үйлдвэрлэлийн туршилтын сорьцлолт, 2078 сорьцлолтын дээжийн боловсруулалт, 548.7 дээжид ширхгийн шинжилгээ, 418 дээжид нунтаглалтын горим тогтоох ажил гүйцэтгэсэн байдаг. Энэ тоо зарим хүмүүсийн хувьд мөрөөдлийн үзүүлэлт байж мэдэх юм. Н.Лхамбаяр ирээдүйд ашиглах хүдрийн технологийн шинж чанарыг тодорхойлох, геометаллургийн загвар буюу ордын геологи ашиглалтыг боловсруулах лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн туршилтад идэвх чармайлттай оролцон сорьцлолт, ширхэглэлийн шинжилгээ хийх ажлыг үр дүнтэй гүйцэтгэсээр байна. Ажилд орсон эхний жилүүдэд үйлдвэрээс дээжээ авчирч хатаагаад, аяганд хийж гараар нунтаглаад шинжилгээ сорьцлолтыг нүдэн баримжаагаар шахуу хийдэг байснаа тэр дурссан. “Одоо орчин үеийн дэвшилтэт олон багаж, тоног төхөөрөмжтэй, түүн дээр ажиллаж байгаа залуус нь дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой, хэл устай, судалгаа шинжилгээний ажил нь Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй улсад үнэлэгдэх хэмжээнд хүрсэн нь сайхан шүү”, гээд сэтгэл дүүрэн инээмсэглэсэн. Тэрээр ажилдаа тун өөриймсөг ханддаг онцлогтой. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, зохион байгуулалтад анхаарч, аюул, эрсдэлийг олж илрүүлэн арилгахад санаачилгатай ажилладаг. Тиймдээ ч “Аюулгүй ажиллагч”-аар гурван удаа шалгарсан, залуу ажилчдад үлгэр дуурайлал болсон тэргүүний ажилтан төдийгүй халамжлан хүмүүжүүлэгч юм. 
Хамт олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга Н.Лхамбаярын гурван хүүхэд өнөөдөр ээжийгээ ачлах хэмжээнд хүрчээ. Том охин нь Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт конвейерийн машинчаар ажиллаж байгаа бол дундах нь Японд ажиллаж, амьдардаг. Харин бага хүү нь саяхан, “Энержи ресурс” компанид ажилд оржээ. Дөрвөн ач, зээгийн эмээ болсон, гээд нүүр дүүрэн инээмсэглэх түүний яриа цаанаа л хат суусан, амьдрал таньсан, өөрийн жаргалаас илүү үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлт торгууд эмэгтэйн гайхамшигт түүхтэй. Амьдрал хэмээх их далайн шуурганд сэлүүрээ алдаж, бүр живсэн хүмүүс ч бий. Харин Н.Лхамбаяр итгэлийн хүчээр жигүүрлэн, зүтгэлийнхээ илчинд дулаацан жаргаж, хамт олондоо хүндлэгдэн, уурхайчдынхаа урд эгнээнд тэмүүлэл дүүрэн алхаж явна. 
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %