Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг хамран агаарт дэгдсэн нарийн тоос агаарын урсгал хөдөлгөөнд орж, маргааш сарних төлөвтэй байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байна.
Манан мэт агаарт тогтсон нарийн тоос нь онц сонин үзэгдэл биш хэдий ч манай аймгийн хувьд анхны тохиолдол болжээ. Энэ сарын 5-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Дундговь аймгийн нутагт шороон шуурга шуурч, улмаар агаарт дэгдсэн шороо нь нарийн тоос болон хуралджээ. Ойрын өдрүүдэд салхины хүч бага байгаа нь нарийн тоосыг хөдөлгөөнгүй байдалд оруулсан бөгөөд маргааш салхины чиглэл нутгийн баруун хойноос байх төлөвтэй тул агаарт сарнина гэж тооцоолж байна. Нарийн тоос нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллага л тогтоох боломжтой тул иргэдийг амны хаалтаа зүүж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөлөө.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 8-нд ялимгүй хур тунадастай, шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Харин 12, 13-нд салхины хурд ихсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Цаг уур, орчны технологи, мэдээллийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цээнээ мэдээллээ.
И.Чинтогтох
Фото: Б.Баттөгс















