“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн үйл ажиллагаанд ISO 30400 багц стандартын Олон улсын магадлан аудит гурван өдрийн турш үргэлжилж, дүнгээ гаргалаа.
Энэ удаагийн аудитын үнэлгээгээр өмнөх давтан баталгаажуулалтын аудитын дүнгээ ахиулж, стандартын шаардлагыг хангаад зогсохгүй, түүнээс давсан, ахисан түвшний 30 сайн туршлага, хэрэгжүүлэлтийг үнэлүүлж чадлаа.
Магадлан аудитаар хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартын шаардлагын хэрэгжилтийг баримтад тулгуурлан нарийвчлан үнэлсэн байна.
Тухайлбал, хүний нөөцийн эрсдэл, боломж, дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ, гүйцэтгэлийн үнэлгээ, сонирхогч талуудын хэрэгцээ шаардлага, санал хүсэлт, хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт, байгууллагын мэдлэг зэрэг чиглэлийг хамруулан, нотлох баримттай танилцсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шинэ төсөл, бүтээн байгуулалт, мэдлэг түгээх ажлын байрны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ажилтнуудтай уулзан ярилцсан юм.
Францын “Афнор” группын тэргүүлэх аудитор, аудитын багийн ахлагч Андрей Оленьков дүгнэлтдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүний нөөцийн менежментийн тогтолцооны хэрэгжилтийн хэд хэдэн давуу талыг онцолсон юм. Тодруулбал, байгууллагын нөхцөл байдал болон сонирхогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг тогтмол хянах, эрсдэлийг үнэлэх, удирдлагын шийдвэрийг цаг алдалгүй гаргах тогтолцоо бүрдсэн гэж үзжээ. Түүнчлэн, нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхдээ үйл явцад суурилсан арга барил төлөвшиж, PDCA буюу төлөвлөх–хэрэгжүүлэх–шалгах–сайжруулах циклийг үр дүнтэй ашиглаж байгааг тэмдэглэлээ. Дээд удирдлагаас эхлээд дунд шатны удирдлага, ажилтнуудын түвшинд манлайлал, оролцоог хангаж, ISO 30400 багц стандартыг байгууллагын стратегийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж байгааг онцлов.















