Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц түүхт 50 жилийнхээ ойн хүрээнд олон үйл ажиллагаа төлөвлөсний нэг нь ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, үйлдвэрлэлийн өнөөгийн байдалтай танилцуулах аялал байв. Өнөөдөр тус үйл ажиллагаа зохион байгуулагдаж, тус станцаас гавьяаны амралтад гарсан 150 гаруй ахмад Эрдэнэт үйлдвэрийн цахим музей үзэж, хөдөлмөр зүтгэл, залуу халуун насаа зориулсан цехдээ зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, түүний үр дүн, Мэдлэг түгээх ажлын байртай танилцлаа.
Мөн Ил уурхай, технологийн тээврийн хүнд даацын өөрөө буулгагч автомашинууд хөгжлийн явцад хэрхэн өөрчлөгдсөнийг нүдээр үзэж, станцынхаа 50 жилийн ойг бэлгэдэн 50 мод тарьж, төгөл байгуулан дурсамж бүтээсэн юм.
Тус станц долоон хэсэгтэй бөгөөд Ахмадуудаа найм дахь хэсэг хэмээн үзэж, захиргаанаас зохион байгуулдаг урлаг, спорт, олон нийтийн бүхий л үйл ажиллагаанд тэднийг урьж оролцуулан, залуу ажилтнуудад туршлагаа хуваалцах, зөвлөгөө өгөх боломжийг бүрдүүлэн, залгамж чанарыг хадгалах бодлого хэрэгжүүлдэгт ахмадууд баяртай явдгаа энэ үеэр илэрхийлсэн.
Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц энэ жил 347 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй бөгөөд оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100 давсан хувиар биелүүлэн ажиллаж байна. Мөн намар, өвлийн бэлтгэл хангах их засвар, тохижилт, “их зогсолт”-ын ажлууд амжилттай хийгдэж, өвлийг угтахад бэлэн болжээ.















