Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн цогц хөтөлбөрийн нэг болох “Залуу ажилтныг дэмжих хөтөлбөр”-ийн 22 оролцогч Улаанбаатар хотод туршлага судалж, шинэ мэдлэг, шинэлэг санаагаар цэнэглэгдлээ.
Залуу ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгч, шилдэг байгууллагын сайн туршлагаас суралцах зорилготой уг аялалын эхний өдөр оролцогчид NERO-ART Workshop-д зочлов.
ӨӨРИЙГӨӨ ТАНИН МЭДЭХЭЭС ШИНЭ САНАА ЭХЭЛНЭ
Workshop-аар дамжуулан өөрийн дотоод мэдрэмж, бодол санаатайгаа бүтээлч аргаар ажиллаж, өөрийгөө илүү гүнзгий таних, тайвшрах, дотоод ертөнцтэйгээ холбогдох боломж бүрдсэн юм. Залуус бүтээлч үйл ажиллагаанд оролцох явцдаа өөрийн төсөөлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлж, тархины шинэ холбоос, шинэ өнцгөөр сэтгэх боломжийг дэмжих дасгал хийсэн нь өдөр тутмын ажлын хэвшмэл байдлаас өөрөөр сэтгэх, шинэ санаа төрүүлэх ач холбогдолтой байлаа.
МОНГОЛ БРЭНДИЙГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ТУРШЛАГА
Бидний дараагийн “өртөө” Говь ХК байлаа. Монголын ноолуурын салбарын томоохон үйлдвэрлэгч энэ компани түүхий ноолуурыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт, түгээлтийн үйл ажиллагааг уялдуулан хэрэгжүүлдэг онцлогтой. “Говь” компани Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийн зах зээлд хүргэхийн зэрэгцээ тогтвортой үйлдвэрлэл, технологийн шинэчлэлд анхаарч ажиллаж байна.
Залуус бид үндэсний брэндийг бий болгож, олон улсын зах зээлд өрсөлдөхөд чанар, технологи, инноваци, тогтвортой хөгжил, хэрэглэгчийн хэрэгцээг ойлгох нь чухал болохыг бодитоор харж, туршлага судалсан. Говь ХК нь ISO 9001:2015 зэрэг менежментийн тогтолцооны стандарт болон бүтээгдэхүүний чанар, тогтвортой үйлдвэрлэлтэй холбоотой хэд хэдэн баталгаажуулалтыг хэрэгжүүлж байна.
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ
Үүний дараа Барло Ворлд Монголиа компанийн үйл ажиллагаатай танилцаж, олон улсын туршлага, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний шийдэл болон бизнесийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл авлаа. Энэхүү танилцах уулзалт нь залуу ажилтнуудад олон улсын түвшний туршлага, технологийн шийдлийг Монголын уул уурхай, үйлдвэрлэлийн орчинд хэрхэн ашиглаж болох талаар шинэ ойлголт өгөх, мэргэжлийн хүрээнд өөр өнцгөөр сэтгэх боломж олгосон юм.
НОГООН БАРИЛГА, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ШИЙДЛИЙГ БОДИТООР ХАРЛАА
Аяллын хоёр дахь өдөр оролцогчид MMS Green Building-ийн үйл ажиллагаатай танилцав. Эднийх тогтвортой хөгжил, эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг, ухаалаг барилгын шийдлийг хослуулсан онцлогтой. Тус барилга нь LEED Platinum түвшний гэрчилгээтэй бөгөөд эрчим хүчний үр ашиг, дотоод орчны чанар, автомат удирдлагын шийдлүүдийг ашигласан байна.
Мөн MMS ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт технологид суурилсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, инженерингийн зөвлөгөө, техникийн дэмжлэг үзүүлдэг туршлагатай. Тус компани дэлхийн 23 брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж, 300 гаруй түнш байгууллагатай хамтран ажиллаж байна.
ШИНЭ МЭДЛЭГ, ШИНЭ САНАА, ШИНЭ ХАНДЛАГА
Ийнхүү хоёр өдрийн турш үргэлжилсэн туршлага судлах аяллаар залуу ажилтнууд хувь хүний хөгжлийн workshop-оос эхлээд үндэсний үйлдвэрлэл, олон улсын технологи, тогтвортой хөгжил, ногоон барилгын шийдэл зэрэг харилцан адилгүй үйл ажиллагаатай танилцаж, шинэ мэдлэг, мэдээлэл, туршлага хуримтлууллаа. Энэхүү аялал нь өөрийгөө хөгжүүлэх, шинэ санаа төрүүлэх, бусдаас суралцах, сурсан зүйлээ ажилдаа хэрэгжүүлэх үндсэн санааг агуулсан, залуу ажилтнуудын идэвх оролцоо, бүтээлч сэтгэлгээ, хөгжлийн хандлагыг дэмжсэн өгөөжтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө.




















