Орхон аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбаттай ярилцлаа. Тэрбээр Орхон аймгийн хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын бодлого, ойн хүрээнд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт, мөн үйлдвэрийн газрын сүүлийн үеийн онцлох амжилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
-Орхон аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр хотын хөгжил, дэд бүтэц, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж ирсэн. Сүүлийн жилүүдэд Орхон аймагтай хамтран ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна вэ?
-Орхон аймаг, Эрдэнэт хот бол уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг даган бүтээн байгуулагдаж, хөгжиж ирсэн хот юм. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн улс, орон нутаг, Эрдэнэт хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Иймээс Эрдэнэт үйлдвэр, түүний ажилтнууд Орхон аймагтай салшгүй холбоотой тул аймгийнхаа түүхт 50 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, хотынхоо өнгө төрхийг сайжруулах ажилд гар бие оролцож байна.
Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн нийт төсвийн 46 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд 2025 онд 146 тэрбум төгрөгийг аймагт төвлөрүүлсэн. Энэ дүн жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр 3.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоос гадна хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг үйлдвэрийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал, “Уурхайчин” орон сууцны хорооллын төслүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрийн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн Эрдэнэт хотын автозамын шинэчлэлд 50 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж, аймгийн хэмжээнд автозамын асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Үүнээс гадна 2020 оноос эхэлсэн “Орхон аймаг дахь 1А хорооллын дэд бүтэц барих ажил”-ын хөрөнгө оруулалтад Эрдэнэт үйлдвэр 12.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн бөгөөд уг ажил энэ онд бүрэн хэрэгжиж дуусаж байна.
-Түүхт 50 жилийн ойг угтан Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй онцлох бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын ажлуудаас нэрлэнэ үү?
-2026 онд Эрдэнэт хотын 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ойн хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд 10 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрийн газрын борлуулалтын орлогын нэг хувь хүртэлх санхүүжилтийн хүрээнд аймгийн Наадмын талбайн тохижилт, засвар, авто зогсоолыг нэмэгдүүлэх ажил, Бурхан багшийн сэрэг дүр орчмын тохижилт, Уурхайчин хороололд сургууль, цэцэрлэг барих, 11 дүгээр хорооллын автозам барих зэрэг ажлын нийт 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Бизнес төлөвлөгөөндөө тусган батлуулсан бөгөөд эдгээр ажлын санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгож байна. Түүнчлэн үйлдвэрийн газрын хөрөнгөөр бүтээн байгуулсан Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборыг Орхон аймгийн 50 жилийн ойн босгон дээр “CuMo арена” нэртэйгээр ашиглалтад оруулж, ойн баярын ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахад бэлэн болоод байна.

-Хотынхоо 50 жилийн түүхэн ойг Эрдэнэт үйлдвэр ямар амжилтаар угтаж байна вэ?
-Энэ оны эхний хагас жилд үйлдвэрийн газрын хамт олон үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр давуулан биелүүлээд зогсохгүй, Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн үнэ цэнийг нэмэгдүүлж, Монгол Улсын хөгжлийг түргэтгэх стратегийн ач холбогдолтой томоохон төслүүдийг амжилттай баталгаажууллаа. Тухайлбал, Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2023–2025 онд үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд “Эрдэнэтийн-Овоо” бүлгийн “Оюут” зэсийн ордод нарийвчилсан хайгуул хийж, нөөцийн туршилт, судалгаа, тайлан боловсруулах болон техник-эдийн засгийн тооцооллыг өөрсдийн хүчээр амжилттай гүйцэтгэсэн. Үүний үр дүнд 2026 оны тавдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар 404 сая тонн зэсийн хүдрийн нөөцийг улсын нэгдсэн санд бүртгүүлсэн. Мөн “Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах Техник-эдийн засгийн үндэслэлийн тодотгол-II” 2026 оны тавдугаар сарын 26-ны өдрийн өргөтгөсөн хурлаар дэмжигдсэнээр тус ордын 4.62 тэрбум тонн геологийн нөөц баталгаажиж, үүнээс 2.21 тэрбум тонн үйлдвэрлэлийн нөөцийг 56 жилийн турш тогтвортой ашиглах боломж бүрдсэн.
-Орхон аймгийн түүхт 50 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрдэнэтчүүд болон нийт иргэд, наадамчин олондоо баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Эрдэнэт хотын хөгжил дэвшлийн түүхэнд онцгой байр суурь эзлэх Орхон аймгийн түүхт 50 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан Орхон аймгийнхаа нийт иргэд, наадамчин олондоо баярын халуун мэнд хүргэе. Хагас зуун жилийн хугацаанд Орхон аймаг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, Монгол Улсын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын төв болсон нь бид бүхний бахархал юм. Эрдэнэт хотын иргэн бүрийн гэр бүлд аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол түмний эв нэгдэл, хүч хөдөлмөрийн бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадам, Орхон аймгийн 50 жилийн ой өргөн дэлгэр, сайхан болох болтугай.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.















