ХVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, Засвар, механикийн заводын 2025 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд идэвх санаачилгатай, өндөр үр бүтээлтэй ажилласан “Хөдөлмөрийн аварга” ажилтнуудад шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Энэ үеэр Засвар, механикийн заводын дарга Т.Ариунсан үг хэлж, хамт олноо манлайлж, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа үлгэрлэн ажилласан “Хөдөлмөрийн аварга” ажилтнуудад баяр хүргэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ. Тэрээр, ажилтан бүрийн хариуцлага, ур чадвар, тууштай хөдөлмөр нь үйлдвэрийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Ийнхүү, Засвар, механикийн заводын 2025 оны “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар Илчээр боловсруулагч Б.Баярбилэг, тойруулан зорох суурь машины операторч Г.Дорждагва, мастер Г.Ганзориг, авто өөрөө ачигчийн жолооч Б.Бямбадорж, салхивч, сантехникийн хоолойн засварчин Л.Эрдэнэбат, мастер Ш.Амгаланбаатар, гар хэвчин Г.Тогтохбаяр, тоног төхөөрөмжийн засварчин С.Батзориг, хүний нөөцийн мэргэжилтэн Н.Соёлмаа, уужимсган зорох суурь машины операторч Б.Төгсбат, гүүрэн кранчин М.Баяраа, цахилгаан ба хийн гагнуурчин Э.Батзориг нар шалгарч, тус бүр нэг сая 500 мянган төгрөгийн урамшуулал хүртлээ.
Энэхүү ёслолын үйл ажиллагаа халуун дулаан уур амьсгал дунд болж, Хөдөлмөрийн аварга ажилтнууд хамт олныхоо өмнө, цаашдын ажилдаа улам хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахаа илэрхийллээ.















