Одоогоос гурван жилийн өмнө, яг ийм намар цагаар Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн уламжлалт форумд оролцож, өөрийн улсын хөдөө орон нутаг дахь хэвлэл мэдээллийн “аж амьдрал”-ын тухай илтгэл тавихаар өмнөд хөршийг зорьж байв. Хурал чуулганы хүрээнд хөрш орны хөгжил дэвшилтэй танилцаж явсан тэр өдрүүд дэлхий нийт ковид цар тахлын хөл хорионоос дөнгөж ангижраад, хэвийн амьдралдаа эргэн орох цаг үе таарсан юм даг. Хятад орны зүүн өмнөд муж Шандунь, Шар тэнгисийн эрэг дээрх үзэсгэлэнт хотууд, тэр хотуудын тэнгэр баганадах өндөр барилгууд, ногоон төгөлтэй өнгө хоршсон зам талбайг хараад, “цар тахал, хорио цээрийн үеийн хэдийд нь ингэж гоё болов оо” гэсэн бодол төрж билээ. Үнэндээ, Хятад орон гэрлийн хурднаас ч илүү үсрэнгүй гэмээр хөгжиж байгааг нүдээр үзээд илэрхийлсэн миний гайхширал байв. Тэр цагаас хойш яг гурван жилийн ойн дээрээ Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форумын айлчлалын багт багтах завшаан олдож, өмнөд хөршийг дахин зорив. Монголын талаас бид энэ удаа 41-үүлээ, сонин, телевиз, радио, сайт, орон нутаг, сургалт судалгаа гээд бүхий л талын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүн Хятад улсын Хөх хотноо хүрэлцэн очиж, оролцлоо. Аяны богцоо задалж, сонин хачнаа хуучилдаг заншлаар гурван жилийн дараах миний үзсэн Хятад орон, зорьсон хэрэг, төрсөн сэтгэгдлээ тэмдэглэл болгон үлдээе.
Хөрш орнуудын найрамдалт харилцааны гүүр нь хэвлэл мэдээлэл
Монгол, Хятад хоёр орны сэтгүүлчид жил бүр өөр өөрийн улсад ээлжлэн, хэвлэл мэдээллийн чуулга уулзалтыг зохион байгуулсаар багагүй хугацааг үджээ. Энэ жил Хятадын талын ээлж тохиож, “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор хөрш орнууд эв найрамдалтай зэрэгцэн оршиж, хөгжин дэвжихэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг чухлаас чухал гэдгийг онцлон ярилцав. Уул усаараа “элгэн садан” мэт холбогддог, зэргэлдээ орших мөнхийн хөрш орнууд бие биеэ илүү ойлгож таних, тэрхүү ойлголцол нөхөрлөлийг хоёр орны эгэл иргэдийн амьдралын түүх, ажил бүтээлийн ололтоор дамжуулан бэхжүүлж зузаатгах нь хэвлэл мэдээллийнхний үүрэг, оролцоо гэсэн агуулга энэ удаагийн форумын гол санаа байсан. Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышинь, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон албаны хүмүүс хэлсэн үг, илтгэлдээ ээлжит чуулганы онцлох санаа, хөндөх асуудлыг тэмдэглэхдээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар бодит мэдээллийг хүргэх, хамтарсан сурвалжилга, контентоор дамжуулан харилцан ойлголцлыг дэмжих нь хэвлэл мэдээллийн үүрэг, хийх ажил нь, бас цаашид хэрхэн хамтрах арга зам гээд бүгдийг онцолсон. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, “Хэвлэл мэдээлэл нь зөвхөн үйл явдлыг мэдээлэх хэрэгсэл биш. Энэ бол хүмүүсийг бие биеэ ойлгоход тусалдаг, харилцан итгэлцлийг бэхжүүлдэг, хамтын хөгжлийн боломжийг нээдэг гүүр” гэсэн нь форумын зорилго, шийдэл, цаашдын зорилтыг хамтад нь тодорхойлсон үг байв. Технологийн эрин зуунд хөрш орнуудын иж бүрэн түншлэл, найрамдалт харилцааны өргөжин бэхжих үйл явцад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг тодотгож өгсөн уг форумд Монголын 40 гаруй төлөөлөгч, Хятадын талаас 60 орчим төлөөлөл оролцож, харилцан ойлголцлыг дэмжих, бэхжүүлэх гүүр бол хэвлэл мэдээлэл гэдэгт санал нэгдсэн юм.

Орон нутагт хүрэх хамтын ажиллагааг Орхон салбарынхан түүчээлэх боллоо
Хятад улсад болсон Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн XVI дахь удаагийн форумд МСНЭ, орон нутгийн салбар зөвлөлүүдийнхээ хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьсон нь том ахиц, алхам байв. Энэ хүрээнд МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар зөвлөл, Хятад улсын Шандунь мужийн Яньтай хотын Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Талууд санамж бичигт тэмдэглэсний дагуу “Найрсаг хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоо” байгуулах, ард иргэдийн харилцааг бэхжүүлэх, харилцан дэмжлэг, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахын зэрэгцээ сэтгүүлч солилцох, сургах, хамтарсан контент сурвалжилга бэлтгэх чиглэлээр түлхүү хамтрахаар төлөвлөж байна. Шар тэнгисийн эрэгт орших байгалийн үзэсгэлэн, хөгжил дэвшлээрээ улсдаа эрэмбэ дээгүүр Яньтай хот, Монголчуудын 20 дугаар зууны бахархалт бүтээн байгуулалтаар нэрлэгддэг Эрдэнэт хотын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллаж, орон нутагт хүрэх өргөн цар хүрээтэй харилцааг МСНЭ-ийн Орхон салбар авч явах болсныг баталгаажууллаа. Энэ бол манай салбарын гадаад хамтын ажиллагаанд гарсан түүхэн үйл явдал болж буйг тодотгон тэмдэглэе.

Өвөр Монголын “Өдрийн сонин”-той танилцаж, “Одон” телевизэд зочиллоо
Энэ удаагийн Хэвлэл мэдээллийн XVI форумыг зохион байгуулагч Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Суртал ухуулгын хэлтэс, МСНЭ, төлөөлөгчдөдөө сонирхолтой, баялаг хөтөлбөр бэлдсэн байв. Форумын үйл ажиллагаанаас танин мэдэх аяллын хөтөлбөрт шилжиж, эхний өртөө Өвөр Монголын “Өдрийн сонин”, радио телевизийн хороо. “Өвөр Монголын Өдрийн сонин” нь Хятад хэл дээр өдөр бүр 80 мянга, Монгол хэл дээр 20 мянган хувь хэвлэгдэн гарч байна. 25 салбар байгууллагатай, нийт 874 ажилтантай. “Өдрийн сонин”, “Умардын шинэ сонин”, “Багачуудын сонин” гэдэг сонинууд дэргэдээ эрхлэн гаргадаг. Монголчуудын сайн мэдэх “Солонго” сэтгүүл бас эднийд харьяалагддаг. “Солонго” сэтгүүл нь монголоос гадна орос хэлээр гардаг болж хүрээгээ тэлснээс гадна зөвхөн сэтгүүл бус үндэсний хэмжээний мэдээллийн агентлаг гэдэг статустай болжээ. Хятад улсын байгууллагуудад нийтлэг байдаг музейн хэсэг ч Өдрийн сонинд байв. Өвөр Монголын Өдрийн сонин нь 1948 оны нэгдүгээр сарын 01-нээс монгол, хятад хэлээр анхны дугаараа гаргаж эхэлжээ. Сонины толгойг Мао Зэдуны бичсэнээр 1950 оны тавдугаар сарын 15-наас хойш өнөөг хүртэл хэвээр хэрэглэсээр байгаа юм байна. 1956 оны дугаарт кирилл үсгээр бичсэн “Үндэстний ажлын тухай” гэдэг гарчиг байх нь содон харагдсан. Тус сонины “Талын туяа” нэртэй утга зохиолын нүүр нь 1958 оноос эхэлж, өнөөг хүртэл гарсаар байгаа төдийгүй хамгийн олон уншигчтай хэсэгт багтдаг. Өвөр Монголын радио телевизийн хороо нь телевиз, радио, цахим мэдээллийг нэгтгэсэн аппликейшнд суурилсан цогц мэдээлэл түгээх тогтолцоог бүрдүүлсэн байна. Зөвхөн радио нь гэхэд Хятадын дотоодын олон муж, өөртөө засах оронд, мөн Монгол Улс, ОХУ зэрэг хөрш улс, бүс нутагт нэвтрүүлгээ хүргэдэг. Хятад улсын технологийн хөгжлийн сүүлийн үеийн ололтыг хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж байгааг Өвөр Монголын радио телевизийн хороо, Өдрийн сонины хорооноос харж болохоор байна. Хэвлэл мэдээллийн хөгжилд AI хиймэл оюун хэрхэн ашиглаж, сэтгүүлчид мэдээгээ хэдэн ч орны хэлээр дамжуулж болох тэр байтугай эфирт нүүр будалтыг AI аар хийдэг болжээ. Хэдийгээр хиймэл оюун хүний сэтгэл хөдлөлийг орлохгүй ч технологийн дэвшил сэтгүүлчийн хөдөлмөрийг төгс хөнгөвчилж буйг харж болно. Одон телевиз өдөр бүр 230 минутын мэдээллийн хөтөлбөр бэлтгэн хүргэдэг. Хэвлэл мэдээлэл нь нийгмийн оюун санаа, улс орнуудын харилцаанд хэрхэн сайнаар нөлөөлж, хүчтэй уриалга болон хүрч болдгийг харуулсан сэтгэл хөдлөм нийтлэл нэвтрүүлгүүд, тэдгээрийн сошиал дахь тэрбумаар тоологдох үзэлт хандалт, үр дүнгүүд нь тэдний хөгжил шинэ шатанд гарсныг харуулж байна. Өнөө цагийн дэвшилтэт технологи, цахим платформуудыг сошиал талбарт жинхэнэ утгаар нь ашиглаж, хэвлэл мэдээллийн хүчийг хэд дахин өсгөсөн нь гайхмаар, бахархмаар.

Инновац, технологийн “Цахиурын хөндий” гэж нэрлэгдэх Чендүгээр аялсан нь
Дараагийн зогсоол баруун өмнөд зүгт орших Сычуань мужийн Чэндү хот. Хятад орны өмнөд нийслэл гэж нэрлэх ажээ. Сычуань муж 80 сая хүн амтай, 24 сая нь Чэндү хотод оршин суудаг. Баруун Европын хэв маягийг үндэсний уламжлалт шинжтэй хослуулан хөгжүүлж, ногоон хотыг утгаар нь бүтээжээ. Энд бид Сычуань Их сургуулийн Хуаши амны хөндийн эмнэлэг, Хүн дүрст роботын инновацын төв, Олон улсын төмөр замын боомт, Тянь-И Лаохао туурийн музей, Жяньнаньчүнь архины үйлдвэрийн 10 мянган тонны багтаамжтай шаазан торхны агуулах, Саньшиндүйн музей, Панда буюу Хулсны баавгайн үржүүлэг, судалгааны бааз, хүрээлэн, “Алтан панда” олон улсын шагнал, “Пандаг ажиглахуй” нэвтрүүлгийн редакц хүртэл өртөөлөн аялж, “нүд бүлтийж, чих дэлдийв”. Хийж, хөгжүүлж, бас өвлүүлэн үлдээж чаджээ. Хятад улсын амны хөндийн эмчилгээний суурь Хуаши эмнэлгээс эхлэлтэй. Эмнэлгийнхээ үүсэл хөгжил, түүхэн явцаар музей байгуулж, түүндээ 30 жилийн турш өвчтөнтэйгөө захидлаар харилцаж, эмчилгээний үр дүнгээ хянасан эмчийн захиаг дэлгэн тавьсан нь сонирхол татаж байв. Чэндү хот орчин үеийн Жюйшень, Минтү технологийн төв байгуулж, Хүн дүрст болон дөрвөн хөлт робот үйлдвэрлэлээрээ инновацийн ертөнцөд шинэ хаалга нээж байна. 2024 оны 12 дугаар сарын 27-нд анхны хүн дүрст 7 роботоо танилцуулсан нь Хятад улсын технологийн салбар дахь түүхэн дэвшил болжээ. Роботоо уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хэдийнээ ашиглаад эхэлснээр тус төвийн хаалган дээрх “Make the ridiculous real” буюу “Инээдтэй санагдах зүйлийг бодит болго” гэсэн уриагаа нэр төртэйгээр хэрэгжүүлж байна гэсэн үг юм.

Хятад-Европын ачааны галт тэрэгний эхлэх цэг Чэндүгийн олон улсын төмөр замын боомтод байрладаг. Энэ нь Европ, Азийг дамнасан хуурай замын боомтын гол зангилаа, гадаадын 137 хоттой холбогддог гадаад хамтын ажиллагааны чухал түшиц газар болон хөгжиж байна. Жяньнаньчүнь шаазан торхны агуулах нь 50 мянган метр квадрат талбайтай, 23 мянган шаазан савтай. Нэг нь 1000 литр багтаамжтай. Бүх шаазан сав нь улаан торгоор битүүмжилж боогдсон, эгнүүлэн байрлуулсан нь сүрлэг, үзэмжтэй харагдана. Мянган жилийн архины үйлдвэрлэл, уламжлалт аргыг энд сонирхолтой байдлаар тайлбарласан нь содон зүйлсийн нэг байлаа. Саньшиндүйн музейд археологийн 1500 гаруй үнэт үзмэр тавигджээ. 22 мянган метр квадрат талбай бүхий баялаг том музейгээр зочилсон нь Хятад орны арвин их түүх соёлын нэгээхэн хэсэгтэй танилцах завшаан болсон. Өртөөчилсөн аяллын сүүлийн цэгүүд буюу Чэндүгийн Панда үржүүлэг, судалгааны баазад саатлаа. Энд 270 гаруй Панда амар амгалан “амьдарч”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аялагчдын заавал үзэх газар болоод байна. Өдөрт 25 кг хулсаар хооллодог Пандагаар Байгаль хамгааллын бэлгэдлийг дүрсэлдэг хэдий ч үргэлжийн аажуу, залхуу ч гэмээр араншинтай өвөрмөц энэ амьтнаар амар тайвны бэлэг тэмдэг болгомоор санагдсан. Хятад улс Пандаг зөвхөн үржүүлэхийг зориод зогссонгүй олон улсад соёлын харилцааны өргөн цар хүрээг бий болгох зорилгоор “Алтан Панда” шагналын үйл ажиллагаа, “Пандаг ажиглахуй” цуврал нэвтрүүлгийг бий болгожээ. Энэ нэвтрүүлгээ өнөөг хүртэл 171 дугаар бэлтгэн цацаж, дэлхийн 125 улс, бүсэд 11 хэлээр түгээн, хүргэснээ нэвтрүүлгийн редакцын уран бүтээлчид бидэнд танилцуулснаар аялал маань өндөрлөв.
Хятад орны баруун өмнөд хэсгийн томоохон муж Сычуань, аварга хулсны баавгай, халуун ногоотой хоол, үзэсгэлэнт байгаль, гайхам содон түүх соёлоороо алдартай Чэндү хотоор бууж мордсон, аяллын сониноос товчлон бичлээ. Хөгжил дэвшлийн оргилд хүрэх хүчин зүйлсэд юуг нэрлэж болох бол хэмээн бодох зуурт хүн бүр өөрийн өмнөх ажил үүргээ чин сэтгэлээс, чанартай гүйцэтгэсний нийлбэр л гол нөлөө үзүүлдэг юм байна гэдгийг Сычуаньд саатсан өдрүүд сануулсныг бас хуваалцахыг хүслээ. Жилээс жилд агуулга, хэлбэр, цар хүрээ нь чамбайрч, үр өгөөж нь тэлж буй хоёр орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхний форум ирэх онд Монголд, тэгээд Хятад улсад гэх зэргээр үргэлжилнэ. Мэргэжлийнхээ сайн сайхан, ахиц дэвшлийг харилцан солилцож, суралцаж, үзэж сонирхох, хамтран бүтээх олон ажил хэрэгч санал, зорилт энэ форумаар тодорхойлогддог билээ.















