ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор их сургууль 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрөө эхлүүллээ. Тус сургуулийн хичээлийн жилдээ дэвшүүлсэн зорилт, шинэ санаачилга, үйл ажиллагааны талаар захирал, доктор Д.Заяабаатартай ярилцлаа.
2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Энэ жилийн онцлог, зорилт юунд чиглэж байна вэ?
Юуны өмнө Эрдэнэт цогцолбор их сургуулийнхаа нийт оюутан суралцагчид, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнууд болон эцэг эхчүүд, хамтран ажиллагч байгууллагууддаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе. Энэ жил манай сургууль 1400 гаруй оюутан суралцагчидтайгаар сургалтын үйл ажиллагааг өргөжүүлж ажиллана. 2026-2027 оны хичээлийн жилийн гол онцлог нь Японы Коосэн сургалтын хөтөлбөрөөр Политехник коллеждоо дөрөв дэх жилдээ элсэлт авлаа. Японы загвараар сургадаг тус коллежид 10-р ангиа төгсөөд элсэн суралцсан хүүхдүүд 20 настай, инженерийн дэд бакалавр зэрэг эзэмшин төгсдөг. Өөрөөр хэлбэл, “Коосен”-ийн оюутнууд маань Япон улсад богино хугацааны дадлага хийж, тус орны хэл соёлд суралцан мэргэжлийн үнэмлэхтэй төгсдөг. Улмаар тэндээ мэргэжлээрээ ажиллах, эсвэл Япон улсын их, дээд сургуулиудад үргэлжлүүлэн, бакалавр, магистрын зэргээр дэвшин суралцах боломжтой хөтөлбөрийг энэ хичээлийн жилийн нэг онцлог гэж хэлж болно. Мөн Монгол Улсын Боловсролын яамнаас дэвшүүлж буй дээд боловсролын салбарын зорилго, зорилт, оюутан сурагчдад чиглэсэн бодлого чиглэл, сургалтын чанарыг дээшлүүлэх, судалгаа эрдэм шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, сургалтын орчин, технологийг сайжруулах, орчин үеийн дижитал болон хиймэл оюуныг суралцагчдадаа эзэмшүүлэх, багш ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тэлэх зэрэг олон талын зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана.
Эрдэнэт цогцолбор их сургууль болон өргөжих зорилтын хүрээнд сургалтын агуулга, хөтөлбөрт өөрчлөлт орсон уу?
Сургалтын хөтөлбөрт өөрчлөлт ороогүй, инженер технологийн салбарын бакалаврын сургалтын хөтөлбөрүүд үргэлжлэн явагдана. Харин МУИС-аас шилжиж ирсэн нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрүүд хаагдаж, шинээр Санхүү, банк 2+2, Үйлдвэрлэлийн менежмент 2+2 хөтөлбөрүүд нээгдэн, элсэлт авч байна. Энэ хичээлийн жилд Ахлах сургууль, Коосэн коллеж, бакалаврын сургалтын хөтөлбөрүүдэд нийт 1400 гаруй оюутан сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон.
Эрдэнэт үйлдвэрийн урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийн бодлогын нэг нь Эрдэнэт цогцолбор их сургуулийг өргөжүүлэн, бэхжүүлэх зорилт. Энэ төлөвлөгөөний хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
Орхон аймагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор бүхий 5000 оюутны хотхон байгуулж, хөгжүүлэх, Эрдэнэт цогцолбор их сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 321 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтран хэрэгжүүлж буй том төсөл хөтөлбөрийн нэг юм. Бид Оюутны хотхоны техник, эдийн засгийн үзүүлэлт, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер зарлах, зохион байгуулах ажлуудыг үргэлжлүүлж байна.
Боловсролын чиглэлээр бүсчилсэн хөгжлийн асуудал дэвшүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэт цогцолбор их сургуулийн үйл ажиллагаа хойд бүсийн хэмжээнд хэрхэн хүрч байна вэ?
Манай сургууль, Хойд бүсийн хөгжлийн төвтэй хамтран, хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн тухайд, бид хойд бүсийн аймгуудаар тойрч, сургуулийн үйл ажиллагаа, элсэлтийн сурталчилгааг хамтарч зохион байгуулсан. Мөн Хойд бүс болон Япон улсын Кюшү бүсийн долоон аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Японы Күрүмэ Коосентой оюутан, багш солилцоо, хамтарсан сургалт судалгааны ажлуудыг хэрэгжүүлнэ.
Хэчнээн багш, ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулах вэ?
Эрдэнэт цогцолбор их сургууль нийт 159 багш, ажилтантай. Манай сургуулийн багш нарын хувьд нэлээд залуужиж байна. Шилдэг төгсөгчийн батламж гардсан залуу багш нар орж ирж байна. Их сургууль болж буйтай холбоотойгоор эрдмийн зэрэг цолтой багш нарынхаа тоо, эзлэх хувийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Өнгөрсөн онд нэг багш докторын зэрэг хамгаалсан бол энэ хичээлийн жилд 1-2 багш докторын зэрэг хамгаалахаар бэлтгэж байгаа. Мөн сонгон шалгаруулалтаар докторын зэрэг цолтой багш нарыг шалгаруулж авна.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр олон оюутанд тэтгэлгээр суралцах батламж гардууллаа. Оюутнуудын сургалтын чанар, дүн илүү сайжирч байна гэж ойлгож болох уу?
Манай сургуультай хамтран ажилладаг байгууллага болон амжилттай суралцаж буй оюутнууддаа сургуулийнхаа 30, 60, 100 хувийн тэтгэлгээр суралцах батламжийг гардуулдаг, өнөөдөр нийт 56.8 сая төгрөгийн тэтгэлэг гардуулж байна. Сайн суралцаж, жил бүр тэтгэлэгт хамрагдсаар байгаад төгсөөд, Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжаар шагнуулах өргөн боломж манайд бий. Жил ирэх бүр сургалтын тэтгэлгүүд нэмэгдэж байна. Энэ жил Боловсролын зээлийн сангаас орон нутагт сурч буй оюутнуудын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх, өнгөрсөн жилд олгогдоогүй зарим тэтгэлгийг Боловсролын яамнаас нэмж олгохоор шийдвэрүүд гарсан. Тэгэхээр орон нутагт эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сан, сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэг болон бусад түнш байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрүүд жил ирэх бүр нэмэгдэж байгааг онцлохыг хүсэж байна.
Уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан, ажилчдыг 51 дэх жилдээ бэлтгэж байгаа өнөөгийн Эрдэнэт цогцолбор их сургуулийн цаашдын том зорилтоо хэрхэн дэвшүүлж байна вэ?
Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсад анхны Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг байгуулах гэж байна. Энд ажиллах уул уурхайн мэргэжилтнүүд, инженерүүдийг бид сүүлийн дөрвөн жил зорьж, бэлдэж байна. Металлургийн 2+2 хөтөлбөрийг ОХУ-ын Уралын холбооны их сургуультай хамтран сургаж байгаа. Цаашид бид Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол Улсын уул уурхайн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүдийг бэлтгэх, уул уурхайн компаниудтай хамтраад оюутан сурагчдаа дадлагажуулах, хосмог хөтөлбөр хэрэгжүүлэх гэх зэрэг олон шинэ санаачилгыг Боловсролын яамны өгсөн чиглэлийн дагуу эхлүүлэн хэрэгжүүлж байна.















