Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Хагас зууны он цагийн түүчээнд Эрдэнэтийг бүтээн байгуулалцаж, залуу нас, хөдөлмөр зүтгэл, эрдэм ухаан, зүрх сэтгэлээ зориулж ирсэн анхдагч, ахмадуудын алдар гавьяа түүхийн хуудсанд том орон зайгаа эзлэн, үлджээ. Түүхийг мартах учиргүй. Тиймээс 50 нас хүрч буй эдүгээгийн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах түүхэн бүтээн байгуулалтын эзэд, салбар салбарын анхдагчдын дурсамж дурдатгалыг цувралаар хүргэж байна.
Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтыг удирдан, 1975-1985 онд Эрдэнэт хотын Намын хорооны анхны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Банзрагч агсан.
1975 оны 2-р сарын 6-ны өдөр. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлын шийдвэрээр Ж.Банзрагч, С.Цэвээн нарыг Эрдэнэтэд томилох асуудал хэлэлцжээ. Энэ хурал дээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал хэлэхдээ "Эрдэнэт нутагт Монгол-Зөвлөлтийн хамтарсан үйлдвэр, шинэ хот барьж байгуулахаар асар их ажил өрнөх гэж байна. Энэ ажилд Зөвлөлтийн тал их хэмжээний хөрөнгө, хүн хүч, машин техник гаргахаар болсон. Манай улс ч гэсэн өөрөөс хамаарах бүхнийг зориулж, олон чухал ажил өрнүүлнэ. Юуны түрүүнд тэр онгон зэлүүд нутагт нам, захиргаа, олон нийт, хууль, хяналтын байгууллагуудыг үүсгэн байгуулж бэхжүүлэх зорилго тавигдаж байна. Бид шилдэг боловсон хүчнээ хамгийн хариуцлагатай чухал хэсэгт даалгавар өгч ажиллуулдаг. Ж.Банзрагч, С.Цэвээн хоёрыг Намын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн зохион байгуулагч бөгөөд тэндхийн намын байгууллага, хороо захиргааны даргаар томилох асуудал дээр санал нэгдээд байна. Та хоёр аймгийн Намын хорооны нэгдүгээр дарга, Гүйцэтгэх захиргааны даргын бүх үйлчилгээ хангамжийг эдлэх болно. Залуучууд, хөдөлмөрчдийн дунд үзэл суртал, хүмүүжлийн ажлыг шуурхай, чанартай зохион байгуулах, Зөвлөлт нөхөдтэй их ойр дотно ажиллаж, хоёр орны найрамдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарна. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэн, С.Лувсангомбо нар та хоёрыг Зөвлөлтийн удирдлагатай уулзуулангаа тэндхийн барилга байгууламжийн ажлын эхлэлтэй танилцаж ирнэ" гээд Улс төрийн товчооны гишүүд, орлогчид гар өргөж батлав.
Ж.Банзрагч, С.Цэвээн хоёр ийнхүү Сайд нарын зөвлөлийн хоёр даргатай хамт 1975 оны 2-р сарын 12-нд анх Эрдэнэтийн замд гарч явсаар шөнө 22 цагт ирж, Зөвлөлтийн барилгын дарга нартай уулзан ажлын эхлэл, явц, ирээдүйн төлөв байдлын талаар тодорхой ярилцаж үүр цайлган, шинэ нутагт шинэ өглөөтэй золгов.
Маргааш нь зөвлөлтийн удирдах нөхөдтэй гадуур явж байдлыг нүдээр үзэж танилцахад барилгын анхдагч бааз баригдах том талбайд баригдаж дуусаагүй уурын зуух, агуулах зэрэг хэдэн жижиг барилга харагдах ба ирээдүйн хот сүндэрлэх талбайд "Энд Эрдэнэт хот босно” гэсэн дөрөвхөн орос үгтэй том самбар нүднээ содон тусна. Зөвлөлтөөс ирсэн цөөн барилгачдын хэдэн вагон сууц, ирээдүйн гэр хороолол төвхнөх уудам дэнжид геологичдын манаачаар ажиллаж байсан Санжаасүрэнгийн ганц жижиг цагаан гэр торойн үзэгдэхээс өөр тоймтой зүйл харагдсангүй.
Тэр үед Эрдэнэтэд 10 гаруй гишүүнтэй, орон тооны бус даргатай намын нэг үүр ажиллаж байв. Энэ үүрийн тайлан сонгуулийн хурал 1975 оны 3-р сарын 15-нд болж 2298 дугаартай орон тооны үүрийн товчоог сонгож, нарийн бичгийн даргаар нь Ж.Банзрагчийг батлав. Үүнээс хойш 1 сарын хугацаанд намын гишүүдийн тоо 100 гарсан тул үүрийг намын хороо болгож, харьяанд нь 5 үүр байгуулан ажиллуулж залуучууд, хөдөлмөрчдийн дотор улс төр, хүмүүжлийн ажлыг идэвхжүүлж эхлэв. Тэр үеэс Эрдэнэтэд МХЗЭ-ийн илгээлт, чөлөөт элсэлт, Намын төв хороо, Сайд нарын зөвлөл, яам, газруудын томилолтоор ирэх хүний тоо, барилга байгууламжийн ажил эрчтэй өрнөж өргөн цар хүрээтэй үйлчилгээ хангамж, орон сууц, ажлын байр шаардагдах болсон. Өдрөөс өдөрт идэвхжиж байсан энэ нүсэр ажлыг хороо захиргаа, нам, олон нийтийн анхан шатны байгууллагын хүчээр шийдвэрлэх боломжгүй тул тулгамдсан асуудлуудыг Намын Төв хороо, Сайд нарын зөвлөлд тавьж шийдвэрлүүлэхээс аргагүйд хүрэв. Намын Төв хороо, Сайд нарын зөвлөл ч байдал ийм болж өрнөнө гэдгийг сайн мэдэж байсан бололтой шуурхай дэмжиж, Булган аймгийн Эрдэнэт хороог улсын харьяалалтай хот болгох асуудал дээр санал нэгдсэн байлаа. Ингээд 1975 оны 12-р сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчид “Эрдэнэт хот байгуулах тухай” зарлиг гаргав. Улмаар 1976 оны 1-р сарын 9-нд Намын Төв хорооны Улс төрийн товчооны “Эрдэнэтэд аймгийн намын хорооны эрхтэй намын хороо байгуулах тухай” тогтоол гарлаа. Энэ үед Эрдэнэт хот Монгол, Зөвлөлтийн нийтдээ 35000 хүн амтай, намын байгууллага нь 250 гишүүнтэй болсон байв. Эрдэнэт хотын намын хороог үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурал 1976 оны 1-р сарын 16-нд болж намын хорооны гишүүд, ШБК, намын хорооны товчоог сонгож, Намын хорооны анхны нэгдүгээр нарийн бичгийн даргаар Ж.Банзрагчийг батлав. Ийнхүү Эрдэнэт хотын Намын хороо эгнээгээ тэргүүний хүмүүсээр шуурхай өргөтгөх, орон тоогоо нэмэгдүүлэн чадварлаг боловсон хүчнээр хангах, үйлдвэрлэл үйлчилгээний газруудын ажил үйлсэд идэвхтэй нөлөөлөх, залуучууд хөдөлмөрчдийн дунд явуулах улс төр, хүмүүжлийн ажлын хэлбэр, агуулгыг сайжруулах, практик үр нөлөөг дээшлүүлэх зэрэг олон талт ажлыг өрнүүлж эхлэв.
Манай орны өнцөг булан бүрээс МХЗЭ-ийн илгээлт, чөлөөт элсэлт, ардын армиас Эрдэнэтэд хуран цугларсан олон мянган охид хөвгүүд барилгын мэргэжил дадлагагүй, хөдөлмөрийн хууль, эрх зүйн мэдлэг бага, зөвлөлтийн хүмүүстэй ажиллаж байгаагүй өчигдрийн сурагч, хөдөөгийн малчин, цэрэг эрс дийлэнх нь байв. Иймд тэднийг барилгын, уулын үйлдвэрийн, хивс, хүнсний комбинатын шинэ шинэ нарийн мэргэжилд сургах, ажлын дадлага олгох, зөвлөлт аж төрөх ёсноос үлгэр жишээ авч, амьдрал ахуйгаа өөд татахад нь зүйл бүрээр туслах асуудал хотын нам, захиргаа, олон нийт, хуулийн байгууллагуудын нэн тэргүүний зорилт болж байлаа.

Мэргэжлийн ажилчид, боловсон хүчин бэлтгэх том ажлыг шууд үйлдвэрлэл дээр зөвлөлт нөхдийг дагалдуулах, зөвлөлтийн барилгын байгууллагын дэргэдэх сургууль комбинат, уулын үйлдвэрийн дэргэдэх сургалтын төв, дотоод гадаадын их, дээд, тусгай мэргэжлийн дунд сургууль, урт богино хугацааны курсээр амжилттай шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, боловсон хүчнийг үйлдвэр ашиглалтад орохоос түрүүлж бэлтгээд тарааж алдах, эсвэл үйлдвэрийг боловсон хүчин бэлтгэгдээгүй байхад барьж сул зогсоодог манайд байсан түгээмэл том дутагдал анх Эрдэнэтийн үйлдвэрт арилсан. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт өрнөсөн эхний 10 жилд өрлөгчин, засал чимэглэлчин, шаварчин, мужаан, дулаалагч, сантехникч зэрэг барилгын 30 гаруй мэргэжил, өрөмдөгч, баяжуулагч, токарьч, Белазийн жолооч зэрэг уулын үйлдвэрийн 40-өөд мэргэжилд 15 мянган хүн сургаж, олон мянган хүнийг мэргэжлийн өндөр зэрэгтэй болгож давхар мэргэжил эзэмшүүлсэн.
Энэ бүх нүсэр ажил Эрдэнэт хотын Намын хорооны анхны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Банзрагчийн удирдлага дор зохион байгуулалт сайтай явагдаж байсан учраас шинэ хот, шинэ үйлдвэр босгох ажил амжилттай үргэлжилсээр байсан юм.
Ж.Банзрагч улсад ажилласан 33 жилийн 25 жил нь УБТЗ, Эрдэнэт хот, Украины Киев хотод Зөвлөлтийн хүмүүстэй ажиллаж, амьдарч, суралцаж явжээ. Тиймээс Эрдэнэтэд өрнөсөн 20-р зууны дуулиант их ажил үйлсэд гар бие оролцож гайхамшгийг бүтээсэн Зөвлөлтийн байгууллагын удирдлагууд болон төрөл бүрийн ажил мэргэжилтэй нөхдийн ач тусыг Эрдэнэтийнхэн мартах ёсгүй гэж тэр үзнэ. Үнэндээ тэр үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүд Эрдэнэтэд зөвхөн үйлдвэр барьж, хот сүндэрлүүлээд зогсохгүй, өчигдрийн малчин, сургуулийн сурагч мянга мянган залуусыг барилгын цоо шинэ нарийн мэргэжилд, орчин цагийн хүчирхэг техник жолоодох арга барилд сургасан юм. Зөвлөлтийн хүмүүсийн энэ сэтгэл харамгүй тусламж, тэдний хатуужил, өндөр сахилга бат, ажилч хичээнгүй байдал, тууштай интернациональч үзэл нь манай хүмүүсийн нийгэм оюун санааны өсөлтөд үнэхээр өгөөмөр сайхан нөлөө үзүүлж уулын үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулах талаар нам, засгаас бидэнд өгсөн өндөр нэр хүндтэй, хариуцлагатай даалгаврыг амжилттай биелүүлэх шавхагдашгүй хүч ундарга болж байсан юм хэмээн Ж.Банзрагч гуай дурсан ярьсан юм.
Ж.Банзрагч 1976-1986 онд Зөвлөлтийн ерөнхий консул И.Е.Луковников, Л.С.Садыков, Б.Е.Кабалоев, тэндэхийн коммунист намын хорооны дарга Н.С.Чепрасов, В.М.Румянцев нартай, Зөвлөлтийн барилгын удирдах газрын дарга А.В.Чекашов, Н.А.Никитин, И.Н.Ворнович, тэндэхийн Намын хорооны дарга Г.Г.Горбачёв, А.П.Луценко, А.Ф.Голобоков нартай, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал В.И.Шлыков, В.Н.Кобахидзе, Р.И.Семигин, Э.Н.Климов, тэндэхийн Намын хорооны дарга А.С.Печелиев, В.П.Горбань нартай маш ойр дотно ажиллаж байлаа. Тэдгээр хүмүүс нь нам, улс, аж ахуй, олон нийтийн ажлын баялаг туршлагатай, туйлын нөхөрсөг, хүнлэг сайхан ажилтнууд байсан нь тэднээс дэмжлэг туслалцаа авах, хамтарч ажиллах өргөн боломжийг олгож байжээ.
Ж.Банзрагчийн Эрдэнэтэд ажилласан 11 жилд Эрдэнэтчүүдийн ажил амьдралд олон сайхан дурсамж, тэмдэглэлт, баярт үйл явдал ар араасаа цувран тохиолдож байжээ. Тухайлбал, онгон сүрлэг "Эрдэнэтийн овоо" ууланд анхны тэсэлгээ хийж, ил уурхайн их ажлыг албан ёсоор эхлүүлж, энэ тухай Ж.Банзрагч МАХН-ын XVIII их хурлын хүндэт индэр дээрээс их хурлын төлөөлөгчид, намуудын төлөөлөгчид, нам, засгийн удирдлагуудад бахархалтайгаар дуулгаж байжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлжийг төсөлд заасан хугацаанаас 3 сарын өмнө чанарын өндөр үзүүлэлттэй барьж 1978 оны 12-р сарын 14-нд ашиглалтад оруулсан нь "Эрдэнэтийн-Овоо"-ны их баялгийг үйлдвэрийн аргаар уудлан ашиглаж, улсын хөгжил, ард түмний сайн сайхан амьдралын төлөө зориулах нэгэн үзүүрт сэтгэл өвөрлөн эх орны өнцөг булан бүрээс хуран цугларсан мянга мянган залуучууд, нам засгийн томилолт, яам, газруудын илгээлтээр ирсэн удирдлагууд, Зөвлөлт нөхдийн зорьсон хэргээ нэр төртэй биелүүлсний том баяр, Эрдэнэтийн түүхэнд мөнхрөх дурсгалт сайхан үйл явдал байлаа. Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага хамт олон 1983 онд жигд сайн ажиллаж, хотоороо бүх ард түмний социалист уралдаанд тэргүүн байрт шалгарч НТХ, СнЗ, Үйлдвэрчний төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны шилжин явах улаан туг, 100.000 төгрөгөөр шагнагдсан нь Эрдэнэтийн ард иргэдэд баяр бахдал төрүүлж, цаашид улам сайн ажиллах урам зоригийг бадраасан юм.
1980 оны 7-р сард Ю.Цэдэнбал Эрдэнэтэд ирж олон түмэнтэй нүүр тулан уулзаж, барилгын явцтай танилцаад хотын намын хороонд зочлон халуун дотно яриа хөөрөө өрнүүлж, нэгдүгээр даргын өрөөнд товчооны гишүүдтэй зураг татуулж, орой нь Ж.Банзрагч, С.Цэвээн, А.В.Чекашов, В.Н.Кобахидзе нарыг вагондоо урьж цай, чихэр, хоол ундаагаар дайлж, тэднээс олон зүйл асууж, энгийн, чөлөөтэй ярилцаж, инээж баясаж цаг гаруй суусан нь уригдсан хүмүүст үүрдийн дурсамж болон үлджээ. Манай хоёр орны нам, засаг, удирдах нөхөд уулын үйлдвэр, шинэ хотын барилга байгууламжид онцгой анхаарч, хэрэгтэй бүхнийг хийж байлаа. Ю.Цэдэнбал 1975 оны 8-р сард нам, засгийн удирдлага, яамдын сайд нар, МҮЭ, МХЗЭ, МЭХ, аймгуудын 2 дарга, Ж.Банзрагч, С.Цэвээн нарыг хамтад нь цуглуулж уулзахдаа “Эрдэнэт Монголын бүх ард түмний барилга байгууламж шүү, Эрдэнэттэй холбоотой бүх ажил зөвхөн “ногоон гэрлээр” явагдана. Эрдэнэтийн нөхөд ч дээш тавих асуудлаар хэнд ч чөлөөтэй хандаж ямар нэг очер дугааргүй, цаг алдалгүй ажиллах хэрэгтэй” гэсэн нь Эрдэнэтийн ажил амьдралд тавих анхаарал, туслалцааг бүх шатанд эрчимжүүлсэн хатуу журам болж, удаан хугацаанд мөрдөгдсөн гэдэг. Ю.Цэдэнбал анх 1975 оны 6-р сарын 11-нд, мөн 1978, 1979, 1983 онд Эрдэнэтэд ирж шинэ хотын барилгын явц, барилгачдын амьдрал ахуйтай танилцаж, Монгол-Зөвлөлт хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг өндөр үнэлж, сайн сайхныг ерөөж байсан нь хотын хөдөлмөрчдийн талархлыг хүлээж, сэтгэлийг сэргээж, шинэ амжилтад уриалан дуудаж байв. Эрдэнэтийн барилга байгууламжийн ажлыг эрчимжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, үйлчилгээ хангамжийг сайжруулах асуудлаар НТХ, СнЗ 20 гаруй тогтоол гаргаж, биелэлтийг шалгаж, эрчимжүүлж байлаа. ЗХУКН-ын Төв Хороо ч зүгээр байсангүй. 1976 онд “Эрдэнэт комбинатын барилгын явцын тухай”, 1987 онд “Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны туршлагын тухай” тогтоолууд гаргаж байлаа.
1975-1985 онд ЗХУКН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, НТХ-ны нарийн бичгийн дарга Ф.Д.Кулаков, М.С.Горбачёв, К.Ф.Катушев, ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков, И.В.Архипов, З.Н.Нуриев, ЗХУ-ын Дээд зөвлөлийн Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга В.В.Кузнецов, БХЛКЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга В.Н.Мишин, БХҮЭ-үүдийн Төв зөвлөлийн дарга А.Н.Шибаев, Өнгөт төмөрлөгийн сайд Ф.Ф.Ломако, үйлдвэрийн барилгын сайд А.М.Токарев, Эрчим хүчний сайд В.Д.Непорожный, Геологийн сайд И.В.Козловский, БХЯ-ны сайд маршал Д.Ф.Устинов нарын олон дарга 1-5 удаа Эрдэнэтэд ирж чухал асуудал шийдэж, тодорхой үр дүнд хүрсэн юм.
Ж.Банзрагч 20-р зууны их бүтээн байгуулалт Эрдэнэт хотыг барьж байгуулах, энэ хотод шилжин ирж суурьшсан ард иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах, сурч боловсрох бүхий л эрх ашгийн төлөө Монгол-Зөвлөлтийн удирдлагуудын дэмжлэгийг авч амжилттай ажилласан түүх нэгэнтээ шарлан үлджээ. Энэ нүсэр ажлын үр дүнд сүндэрлэсэн Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр 48-50 жилийн түүхэн хөгжлийн замыг туулж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн хөгжиж цэцэглэсээр ирснийг бид харж байна. Өнөөдөр Эрдэнэтийн овоо, Баян-Өндөр, Цагаанчулуут уулсын дундах ногоон хөндийд үзэсгэлэнт сайхан Эрдэнэт хот сүндэрлэж, шөнийн цагт тэнгэрийн одод газарт буусан мэт гэрэл чийдэн гялалзаж, хаш цагаан барилгууд торгон дээр өрсөн сувд мэт ярайж, "Эрдэнэт" үйлдвэр 48 жил тасралтгүй ажиллаж Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулсаар байна.
Эрдэнэтэд ажилласан хугацаа нь Ж.Банзрагчийн амьдралын маш чухал үе, залуу халуун насных нь эрч хүч ид оргилж байсан он жилүүд юм. МАХН-аас итгэж хүлээлгэсэн нэр хүндтэй, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг тэр гүнээ ухамсарлаж уулын үйлдвэр, Эрдэнэт хотын шавыг тавилцаж барьж байгуулах, үр өгөөжтэй ажиллуулах, үндэсний боловсон хүчний бүхэл бүтэн арми бэлтгэж хүмүүжүүлэх, хөдөлмөрийн цоо шинэ хамт олныг бүрдүүлж төлөвшүүлэх ажлын төлөө Монгол, Зөвлөлт нөхдийнхөө дэмжлэгтэйгээр зүтгэж, тэмцэж, ялалт ололтоор дүүрэн үр дүнд хүрч явснаараа Ж.Банзрагч бахархаж байсан төдийгүй, Эрдэнэтийг бүтээлцсэн эрхэм хүндтэй хүмүүсийн нэг юм.















