Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч өнөөдөр ч уул уурхай хэвээр байна. Экспортын орлогын 94 хувийг энэ салбар бүрдүүлж буй нь уул уурхай улсын хөгжилд ямар их жин дарж байгааг тодхон харуулна. Гэвч уул уурхайн хөгжил гэдэг ойлголт өнөөдөр зөвхөн хүдэр олборлож, баяжмал экспортлох хэмжээнд яригдахаа больжээ. Харин олборлосон баялгаасаа хэрхэн урт хугацааны үнэ цэн бүтээх вэ, Монгол Улс ирээдүйд ямар бүтэцтэй эдийн засагтай үлдэх вэ, гэсэн асуулт хамгийн чухал сэдэв болж байна.
Түүхий эдээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн рүү...
Монгол Улс орчин үеийн уул уурхайн үйлдвэрлэлтэй болоод нэгэн зууныг ардаа үдсэн ч өнөөдрийг хүртэл голчлон, хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолж ирэв. Тухайлбал, дунджаар 22 орчим хувийн зэсийн агуулгатай баяжмалыг гадаад зах зээл рүү гаргаж байна. Өөрөөр хэлбэл, 100 вагоны ердөө 22 нь бодит бүтээгдэхүүн, үлдсэн 78 вагон нь нэмүү өртөг шингээгүй тээвэр гэсэн үг. Энэ бүтэц Монголын эдийн засгийг дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн савлагаанд хэт эмзэг болгосоор иржээ.
Тиймээс зэсээ эх орондоо хайлуулж, боловсруулан цэвэр зэс үйлдвэрлэнэ гэдэг зөвхөн нэг үйлдвэрийн асуудал биш ээ. Энэ бол Монгол Улс түүхий эд экспортлогч орон хэвээр үлдэх үү, эсвэл аж үйлдвэржсэн эдийн засаг руу шилжих үү гэсэн стратегийн сонголт. Цэвэр зэс дээр суурилсан кабель, электроник, металл боловсруулах болон бусад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн эхлэл ч эндээс тавигдана. Монгол инженерүүд энэ тухай 1980-аад оноос ярьж, судалж ирсэн бол өнөөдөр түүнийг хэрэгжүүлэх улс төр, эдийн засгийн боломж бодитоор бүрдэж эхэлжээ.
Энэ өөрчлөлтийн төвд Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй Үйлдвэрлэл, технологийн парк байна. Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр, Молибдены баяжмалыг гүйцээн боловсруулах үйлдвэр, Шинэ хаягдлын аж ахуй зэрэг төслүүд нь ердөө нэг үйлдвэрийн өргөтгөл биш. Харин Монголд хими, металлургийн шинэ суурь бий болгох үндэсний хэмжээний бүтээн байгуулалт юм. ЖАЙКА-гийн судалгаанд ч зөвхөн зэс хайлуулах үйлдвэрээс илүүтэйгээр цогц үйлдвэрлэлийн парк байгуулах нь эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, эрчим хүч, логистикийн томоохон асуудлууд шийдэгдэж чадвал түүнийг дагаад хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл, орон нутгийн бизнесүүд өсөн тэлэх шинэ орон зай нээгдэнэ гэсэн үг.
“Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр”-ээс Аж үйлдвэрийн IV хувьсгал руу...
Үйлдвэрлэл, технологийн парк болон Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр Монголчууд бидний холын мөрөөдөл байхаа больж, хэдхэн жилийн дараа нүдэнд үзэгдэж, гарт баригдах гэж байна.
Хоёр жилийн дараа буюу 2028 онд үйлдвэр ашиглалтад ороход эхний ээлжид 883 ажлын байр бий болно. Нэг ажлын байрны цаана дунджаар 3–5 хүний амьжиргаа, гэр бүлийн орлого холбогддог гэж үзвэл энэ нь хэдэн мянган хүний амьдралд эерэг өөрчлөлт авчрах бодит боломж юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн үйлдвэр баригдаад зогсохгүй тогтвортой орлого, баталгаатай ажлын байр, өрхийн эдийн засгийг дэмжих томоохон хөдөлгөгч хүч бий болж байна. Зэсийн баяжмалыг хайлуулаад, боловсруулаад эхлэхэд түүнийг дагасан зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн болон Монголын үйлдвэрүүд байгуулагдаад эхэлнэ.
Гэвч энэ бүхний цаана бодит сорилтууд ч бий. Тухайлбал, молибдены баяжмалын экспорт өнөөдөр зах зээлийн шинэ шаардлагатай нүүр тулж байна. Хятадын стандарт, импортын нөхцөл өөрчлөгдөхөд экспорт саатах эрсдэл үүсэж, агуулахууд дүүрч эхэлжээ. Молибдены баяжмал нь исэлдэж чанараа алддаг онцлогтой учраас удаан хадгалах тусам эрсдэл нь нэмэгдэнэ. Энэ бол зөвхөн нэг үйлдвэрийн асуудал гэхээсээ Монголын экспортын орлого, валютын урсгал, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаатай шууд холбоотой асуудал юм. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид зөвхөн Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрээс гадна “Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр”, “Кабель утасны үйлдвэр”-ийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулан, батлуулжээ. Энд л Аж үйлдвэрийн IV хувьсгал жинхэнэ утгаараа оршин тогтнох нь ээ.
Хариуцлагатай уул уурхай Улс орны хөгжлийн баталгаа
Эрдэнэт үйлдвэр зөвхөн өнөөдрийн олборлолтоо хадгалах бус, урт хугацааны тогтвортой ажиллагаанд чиглэсэн технологийн шинэчлэлүүдийг ч эхлүүлээд байна. Хүдэр дэх металлын агуулга буурч буй нөхцөлд өндөр даралтын булт нунтаглагчийн технологийг Монголд анх удаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа нь үүний нэг жишээ. Энэ технологи уурхайн ашиглалтын хугацааг 2082 он хүртэл тогтвортой үргэлжлүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хөрөнгө оруулалт нь зөвхөн нэг жилийн ашгийг нэмэгдүүлэх бус, дараагийн хагас зууны үйлдвэрлэлийн аюулгүй байдал, үр ашигт чиглэж байгаа хэрэг.
Үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын нийгмийн үүргийг мартаж болохгүй. Цар тахлын үед Монголчуудын цахилгаан, дулаан, уур ус, хогны үнийг тогтвортой барихад Эрдэнэт үйлдвэр 1.2 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь уул уурхай зөвхөн ашиг олдог салбар биш, улсын эдийн засгийн тогтвортой байдлыг нуруундаа үүрч ирсний бодит жишээ болсон. Гэвч өнөөдөр эрчим хүч, шатахуун, тэсрэх материал зэрэг үйлдвэрлэлийн үндсэн зардлууд тасралтгүй өсөж байна. Ийм үед дэлхийн зах зээл дээрх зэсийн өндөр үнийг далимдуулан уул уурхайн салбар руу бүх ачааг үүрүүлэх нь урт хугацаандаа эрсдэлтэй бодлого байж мэднэ.
Учир нь уул уурхайн зах зээл өөрөө мөчлөгтэй. Өнөөдрийн өндөр үнэ маргааш буурч болно. Тиймээс ашиг өссөн үед илүү их бүтээгдэхүүн экспортолж, орлогын тодорхой хэсгээр техник технологийн шинэчлэлүүдээ хийдэг, үр ашигтай аж үйлдвэрүүдэд хөрөнгө оруулдаг, тогтворжуулалтын санд хуримтлуулж эдийн засаг хүндрэх үед түүнийгээ хэрэглэдэг тогтолцоо Монголд зайлшгүй хэрэгтэй байна. Энэ бол уул уурхайг зөвхөн өнөөдрийн орлогын эх үүсвэр бус, ирээдүйн тогтвортой хөгжлийн баталгаа болгох бодит алхам юм.
Уул уурхай нь олборлодог байж болохгүй. Орон нутгийн хөгжил, аж үйлдвэржилт, жижиг дунд үйлдвэрлэл, технологийн шинэчлэл, мэргэжилтэй ажиллах хүчний өсөлтийг дагуулдаг хөгжлийн цогц экосистем байх ёстой.
Өмнө нь орон нутгийн давуу эрхийн зохицуулалтаар дамжин Эрдэнэт үйлдвэр, Жаргалант сумын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, бүс нутгийн үйлдвэрлэлийг дэмждэг байсан. Харин хууль эрх зүйн шинэ өөрчлөлтүүд ийм боломжийг хумьж байгаа нь жижиг, дунд бизнесүүдэд шинэ сорилт үүсгээд байна.
Эцэст нь хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн өнөөдөр хэрэгжүүлж буй төслүүд бол зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол Монгол Улс түүхий эд экспортлогч хэвээр үлдэх үү, эсвэл нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлтэй эдийн засаг руу шилжих үү гэсэн асуултад өгч буй бодит хариулт юм. Уул уурхайгаас олсон орлогоо зөвхөн өнөөдрийн хэрэглээнд бус, ирээдүйн үйлдвэрлэл, технологи, тогтвортой хөгжилд хөрөнгө оруулж чадвал Монголын уул уурхай жинхэнэ утгаараа улс орны хөгжлийн тулгуур болж чадна.
Эрдэнэт үйлдвэрийн өнөөдрийн түүхэн шийдвэрүүд энэ зорилгын төлөө чиглэж буй нь Монголын нэн шинэ үеийн үйлдвэржилтийн эхлэл болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.















