Нийслэлийн баруун үүдээр нэвтрэхэд ханхалдаг Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийн танил, эвгүй үнэрийг тэвчихээс өөр гарц үнэхээр үгүй гэж үү, гэсэн асуултыг хэн хүнд байнга төрүүлдэг нь лавтай. Харин Эрдэнэт үйлдвэр энэ асуултад эергээр хариулсан. Энд бохирын лагийг үнэргүйжүүлээд зогсохгүй, байгальд ээлтэй бүтээгдэхүүн болгон хувиргах шийдлийг бодит ажил болгосон хүн бол Дашзэвэгийн Золбооцэцэг.
Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжид 20 гаруй жил ажиллахдаа “хаягдал” хэмээх ойлголтыг өөрөөр харж сурчээ. Лаг бол зайлуулах ёстой ачаа биш, харин зөв боловсруулбал дахин ашиглах нөөц гэдгийг түүний ажил нотолдог. Д.Золбооцэцэгийн оролцсон судалгаа, туршилтын үр дүнд Цэвэрлэх байгууламжид олон жил хуримтлагдсан лагийг химийн болон биологийн аргаар боловсруулж, үнэргүйжүүлэн, ургамлын ургалтыг дэмжих сайжруулсан хөрс болгон хувиргах технологи бий болгожээ. Энэ шилдэг туршлагаа зорилтот зах зээлд нэвтрүүлж, Шинэ бүтээлийн патентаа эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмэлт орлого олох боломжтой. Гэсэн ч тэр Эрдэнэт үйлдвэрийнхээ, цаашлаад Эрдэнэт хотынхоо усан хангамж, хог хаягдал, экологийн асуудалд сэтгэл оюунаа чилээн судалгаа, шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн жимээр завгүй ажиллаж явна.
Хүүхэд байхдаа хүний их эмч болох мөрөөдөлтэй байснаа Д.Золбооцэцэг дурсан, “Одоо, хөрс шинжлэн оношилж, байгальд ээлтэй болгон эмчилдэг ус, хөрсний “доктор” болсон. Би өөрийгөө хүсэл мөрөөдөлдөө хүрсэн гэж боддог шүү” гээд өөдрөг, хөгжилтэй инээнэ билээ. Аливаад шинжлэх ухааны үндэслэлтэй, нухацтай, чамбай ханддаг нь хэлж ярих үг бүрээс нь мэдрэгдэнэ.
Тэр ШУТИС-ийн Барилга, Инженер, Архитектурын сургуулийг ус хангамж, цэвэрлэгээний инженер мэргэжлээр төгссөнөөс хойш “Эрдэнэт”-ийн Цэвэрлэх байгууламжийн ус, хөрсний эрүүл байдалд санаа тавин хоёр арваныг өртөөлөн хөдөлмөр зүтгэлээ зориулсаар яваа нэгэн. “Цэвэрлэх байгууламжийн технологийн горимд гарч буй бохир усны чанарын өөрчлөлтийн судалгаа” сэдвээр магистр зэрэг хамгаалж, “Сэлэнгэ” амралт, аялал, жуулчлалын цогцолборын Цэвэрлэх байгууламжид ХБНГУ-ын “Bergmann” группийн “WSB clean pro” технологи нутагшуулахад хяналт, тохируулгын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэжээ. Бохирын химийн нэгдэл, физик шинж чанар, байгальд үзүүлэх нөлөөг олон жилийн турш судалснаа гүнзгийрүүлэн нарийвчилж, одоо “Бохир усны биологи цэвэрлэгээний үе шат дахь нитрифицакийн процессын судалгаа” сэдвээр докторын зэрэг горилон суралцаж, өөрийгөө хөгжүүлэх аяллаа үргэлжлүүлсээр байна.
Сүүлийн жилүүдэд хотжилт, хүн амын өсөлт, хэрэглээний хэв маягийн өөрчлөлт зэргээс шалтгаалан бохирт агуулагдах азот, фосфорын хэмжээ огцом өссөн. Энэ нь цэвэрлэх байгууламжийн ажиллагааг хүндрүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг нэмэгдүүлсээр буй. Ийм нөхцөлд уламжлалт аргаар асуудлыг шийдэх боломж хумигдаж, шинэ технологи зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ шаардлагад хариу болсон шийдэл нь Д.Золбооцэцэг болон түүний хамт олны хэрэгжүүлсэн төсөл юм. Тэд Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн боловсруулсан химийн болон биологийн аргачлалд тулгуурлан лагийг боловсруулж, үнэргүйжүүлэн, жишиг үнээр тооцвол 13.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий сайжруулсан хөрс үйлдвэрлэжээ. Энэ хөрсийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр 100 сая мод тарих амлалтаа хэрэгжүүлэхдээ ашиглаж эхэлсэн бөгөөд моддын ургалт, нутагшилт сайн байгаагаас хөрсний чанарыг бэлхнээ харж болно.
Монголд чийгийн улаан хорхой, шувууны сангас, хонины ноосоор сайжруулсан хөрс бэлдэж үйлдвэрлэдэг байсан бол Д.Золбооцэцэг өөр нэг шинэ төрлийг бий болгосон гавьяатай. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр нэгдэж бодит үр дүнд хүрдгийн тод жишээ энэ.
Эрдэм шинжилгээний байгууллагын лабораторийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон Үндэсний эрдэмтдийн оюуны бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтарсан оюуны бүтээл, туурвилын түүхийн хуудсыг эхлүүлсэн Дашзэвэгийн Золбооцэцэг саяхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Инновацлаг эмэгтэй”-гээр шалгарч, “Зэс титэм” дээд шагналыг тэргүүндээ залж, үнэрийг үнэ цэн болгож, бохирдлоос баялаг бүтээж болдгийг тунхагласан юм.
Хаягдал гэж байдаггүй, зөв технологи зохион бүтээж чадвал бүгд ашигтай нөөц гэж тэр хэлсэн.















