Эрдэнэт хэмээх их айлыг бүтээж, цаашид авч явахад мэргэжлийн боловсон хүчин юу юунаас илүү чухал гэдгийг тухайн үеийн удирдагчид алсын хараа, холч ухаанаар сэтгэж, уулын баяжуулах үйлдвэрийнхээ дэргэд уул уурхайн мэргэжилтнийг бэлтгэх сургууль байгуулсан юм. Энэ өргөөг олон жил удирдаж, захирлаар нь ажилласан доктор, профессор С.Давааням гавьяат нэгэнтээ “Эрдэнэтийн-Овооны дэргэд Эрдмийн овоо сүндэрлэх болтугай” хэмээн хэлсэн нь бий. Түүний энэ үг сургуулиараа бахархсан омогшил бахархал, бас хэтийн төлөвийг нь тов тодорхой зөгнөсөн ерөөл байсан гэлтэй. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн эхэн үеэс Сургалтын төв нэртэй байгуулагдаж, эдүгээ “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болтлоо хөгжиж буй энэ сургууль хэдийнээ “Эрдмийн овоо” болон сүндэрлэжээ. Энд үе үеийн эрдэмтэн багш нар, судлаачид, уул уурхайн мэргэжилтнүүд ажиллаж, ирээдүйн уурхайчдыг сургаж, мэргэшүүлж, хөгжүүлж, төлөвшүүлж байна. Тэд дуусашгүй, дундаршгүй эх ундаргатай “Эрдмийн овоо”-г босгожээ. Энэхүү “Эрдмийн овоо”-ны эрдэнэ, эрдэмд жигүүрлэсэн нэгэн эзэгтэйн тухай онцлон тэрлэхээр зорилоо. Тэр бол тус сургуулийн Сургалтын албаны дарга, физикийн багш, доктор, дэд профессор Доржжавын Болор-Эрдэнэ юм.
Ой гаруйхан настай бяцхан охин аав ээж, эгчийн хамт Эрдэнэтийн бүтээн байгуулалтын түрүүчээр шилжин ирж, суурьшсан цаг үе бол тэртээх 1976 он. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Доржжавынх ингэж Эрдэнэтийн айл болсон түүхтэй. Бага насандаа ирсэн болоод ч тэр үү, Д.Болор-Эрдэнэ өөрийгөө Эрдэнэтийн унаган охин гэж элгэмсэнэ. Гэхдээ тэр эхийн хэвлийгээс унаж төрсөн Отгонтэнгэр хайрхны авшигтай Завхан нутагтайгаа үргэлж сэтгэл зүрхний уяатай, ойр явдаг. Их бүтээн байгуулалт нүргэлж, эх орны өнцөг булан бүрээс ирсэн залуус, “Орос ах” нарын гар нийлж босгосон орон сууцны анхны хорооллын эхний оршин суугчдын нэг нь тэр. Аав С.Доржжав нь Эрдэнэтийн Онцгой байдал, Цагдаагийн газарт ажил хөдөлмөрөө зориулсан бол ээж Л.Даваажаргал нь үйлчилгээний төвийн хүнсний тасгийн эрхлэгчээр насаараа ажиллажээ. Ингэхээр тэр яахын аргагүй Эрдэнэтийн анхдагч гэр бүлийн гишүүн, Эрдэнэтийг байгуулалцсан аав ээжийн үр сад. Эгч дүүс тавуулаа, Орос ахуй соёл дунд өсөж, бойжсон бага нас нь ч гэгээн дурсамж дүүрэн.
Багын нягт нямбай, “толгой” сайтай Д.Болор-Эрдэнэ 1993 онд Эрдэнэт хотын 10 жилийн 5-р сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг онц дүнтэй төгсөж, 1997 онд Улсын Багшийн Их сургуулийн физикийн факультетыг физикийн багш, физикч мэргэжлээр улаан дипломтой төгсжээ. Үргэлжлүүлэн, 1999 онд ШУТИС-ийн магистрын зэрэг хамгаалчхаад, будаг нь ханхалсан шинэхэн багш Технологийн сургуульд ирж байв. Түүний намтарт, ажилласан газар гэхээр ганцхан Технологийн сургууль л бичигддэг. Оюутны ширээний араас дөнгөж босоод л тэр энэ сургуультайгаа хувь заяа холбож, өнөөг хүртэл 22 жил энэ л саруулхан танхимд алхаж явна. Түүнд он жилүүдийн уртад өөр газарт шилжих, шинээр нээгдсэн болон Лёнов орос сургуульд ч удирдлагаар нь ажиллах санал удаа дараа ирж байсан ч ажил хөдөлмөрийн гараанд өлгийдөж авсан төрөлх сургуулиасаа явах бодол нэг ч удаа төрж байгаагүй гэдэг. 1999 оны 9 дүгээр сарын 1-ний тэр өдөр түүний амьдралд шинэ хуудас нээсэн, хамгийн тод өдрүүдийн нэг болон үлджээ. Тэр намраас дээд мэргэжилтэй уул уурхайн инженер бэлтгээд 3 жил болж байсан Технологийн сургуульд үндсэн багш авах хэрэгцээ шаардлага тавигдаж. Ингээд сонгон шалгаруулалт зарлахад нь шалгалт өгснөөр тэнцэж, үндсэн орон тооны физикийн багшаар орж байв. Тэр сонгон шалгаруулалтад химийн багшаар Х.Оюунтунгалаг, англи хэлний багшаар Ч.Эрдэнэсувд нар тэнцэж байжээ. Мөн Эрдэнэт үйлдвэрээс механикийн багшаар С.Эрдэнэбат, Ж.Лхагвасүрэн, цахилгааны багшаар Ц.Баяржаргал, цахилгаан энергитикээр Д.Болд нар шилжин ирж байв. Дараа нь тэд анх ажилд орсноо дурсахдаа “Бакалаврын долоо” гэж өөрсдийгөө нэрлэн ярьж, хөгжилддөг болсон гэнэ лээ. Физикийн багшаас эхэлсэн түүний ажлын гараа дэд профессор, Сургалтын мэргэжилтэн, Сургалтын албаны дарга гээд өөдөө ахиж дэвшин замнасаар буй. Энэ хугацаанд тэр 3000 гаруй шавийн багш болжээ. Ахлах сургуулийн сурагч, бакалавр, магистр, нарийн мэргэжлийн ангийнхан гээд бүх шатны суралцагчид түүний шавь нар дотор бий. Хорь гаруй жилийн хөдөлмөрийг нь дагасан олон амжилт, түүнийгээ үнэлүүлсэн нь түүнд урам зориг нэмж, хүч тэнхээ өгдөг. Д.Болор-Эрдэнэ багш 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, 2021 онд “Шилдэг мэргэжилтэн”-ээр тодорсон нь ажил мэргэжилдээ хэдийнээ гаршиж, туршлага чадвар хуримтлуулсныг харуулна. Энэ амжилт, урамшууллыг хүртэхэд тухайн үед сургуулийн удирдлагаар ажиллаж байсан Б.Мажинбуу, С.Давааням нараас эхлээд үе үеийн захирал, Б.Шийдэв, П.Оюунсүрэн гээд ахмад багш нарын нөмөр түшиг, тусламж дэмжлэг хамгаас илүү үнэ цэнтэй байсныг тэрээр өгүүлсэн. Түүнийг багш байх л заяатай хүн гэмээр. Ажил мэргэжилдээ өсөж, дэвшиж удирдах шатны алба хашиж байгаа ч тэр хичээлээ заасаар. “Ямагт самбараа үгүйлж, оюутнуудаа санаад, цахим хичээл ч энэ орон зайг нөхөхгүй юм билээ” гэж сэтгэлээ уудлахад нь “төрмөл” багш хүн юм даа гэж бодогдсон. Цаг хугацаатай уралдан өөрчлөгдөж буй хөгжил дэвшлийг дагаад түүнтэй хөл зэрэгцэн алхах шаардлага хамгийн түрүүнд багшийн өмнө тавигдана. Шинжлэх ухаан өөрчлөгдөхгүй байх хэдий ч багшийн ур чадвар, заах арга барил, технологи цаг үргэлж шинэчлэгдэх учиртай. Тэр тусмаа шинэ үеийн хүүхдүүдийн хүсэл эрмэлзэл, техник технологийн мэдлэг чадамж нь өндөр болж буй нөхцөлд түүнийг дагаад багш өөрөө хөгжиж, оюуны тасралтгүй эргэлтийг бүтээгч нь байх. Тэр утгаараа ч сургуулийн маань сургалт бүрэн цахимжиж, шинэ түвшинд очсон. ШУТИС-ийн хэмжээнд “Open index platform” сургалтын программын хэрэгжүүлэлтээрээ тэргүүлж буй гээд Д.Болор-Эрдэнэ багш сургууль, хамт олныхоо амжилт, ажил үйлсийн тухай бахархан хуучлав.
“Сайн байна уу, Багш аа” гэх дуртай үгээ үргэлж сонсож, “Багшаа л хийгээрэй” гэсэн УБИС-ийн доктор, профессор С.Данзан багшийнхаа захиасыг эрхэмлэн биелүүлэх боломжийг түүнд өгсөн Технологийн сургууль, эдүгээгийн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульдаа чин сэтгэлээсээ хайртай хэмээх Д.Болор-Эрдэнэ багш үргэлж инээмсэглэж явдаг нэгэн. Хүний амьдрал баяр гуниг, жаргал зовлонгоор ээлжлэн байдаг ч үргэлж халуун дулаан үг, хайр энэрлээ бусдад түгээж явах дуртай. Хайр хайрыг дагуулдаг шиг бүх зүйлд хүндэтгэлтэй хандах нь эргээд хүндлэлийг бий болгодог гэж хэлсэн. Тийм ч учраас том жижиг үйл явдал, ажил хэрэгт ямагт хүндэтгэлтэй хандаж, сайхан хувцаслаж, сэтгэлээсээ оролцохыг эрхэмлэдэг. Бусдын амжилтад түрүүлж алга ташиж, урам өгдөг байх ч хамгийн том хүндэтгэл. Энэ бүхнийг л ажил амьдралынхаа зарчим болгож, эргэн тойрондоо, тэр тусмаа шавь нартаа хэлж захиж явдаг гэж тэр өгүүлэв. Үнэхээр ч тэр үргэлж монгол үндэсний дээлээрээ гоёж, “Үс сайхан бол зүс сайхан” гэдэг үгийг утгаар нь өөр дээрээ харуулж чаддаг эмэгтэй. Үргэлж ганган дэгжин, инээд цацруулж явдаг тэр үүнийхээ учрыг “Өөрөө сэтгэлийн жаргалтай байхаас гадна ирээдүйн үеийнхнээ амьдралын ухаанд сургахад өөрөөрөө үлгэрлэх ёстой” гэж тайлбарласан. Багш хүний нэгэн чухал үүрэг бол энэ. Оюутны ширээнээс ажлын талбарт очихдоо амьдралын үнэнийг, учир шалтгааныг шавь нар минь ойлгосон байгаасай, гэж жижиг гэлтгүй олон зүйлийг хэлж өгнө. Физикийн онолоо ч амьдралд ойр, дөхөм жишээгээр зааж ойлгуулдаг учраас миний шавь нар шимтэн суралцдаг гэж тэр ярилаа.
Мэдлэг, мэдрэмжийг хослуулж, шавь нартаа чиг заагч “Алтан гадас” нь байхыг зорьдог тэрээр амьдралдаа ч сайн ээж, хүний сайхан хань билээ. Арван жилийн нэг ангийн хөвгүүнтэйгээ амьдралаа холбож, охин, хүүгийн аав, ээж бололцсон сайхан дурсамжтай. Түүний халамжит хань Л.Баяржаргал Эрдэнэт хотын Цахилгаан холбооны захирлаар ажилладаг. Сайн багшийн гар дээр эх орны ирээдүй манддаг учраас тэр ирээдүйг мандуулах сайн багшийн найдвартай ар тал, үнэнч туслагч дэмжигч нь болдог аж. Д.Болор-Эрдэнэ нэгэнтээ, хүнд өвдөж, тэр үеэс охиноо эмч болгохоор шийдсэн гэдэг. Охин нь ч ээжийнхээ хүсэл, зөвлөгөөг дагаж одоо эмчийн мэргэжил эзэмшээд ажиллаж байна. Хоёр ээж, хоёр аавынхаа хайр халамжид өлгийдүүлж, ач буяныг нь хүртэж яваа тэр өөрийгөө хамгийн баян хүн гэж боддог. Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахал хэн хүнийг тойрохгүй байгаа үед ээж нь ч бас өртөж, хэсэг хугацааг тэр ээжийгээ эмнэлэгт асарч үджээ. Энэ өдрүүдэд өвдөж, хүндэрсэн олон хүнд хүчилтөрөгчийн аппарат хэрэгтэй, эмнэлэгт аппарат нь хүрэлцэхгүй байгааг олж харж, хувиасаа Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хүчилтөрөгчийн аппарат авч, хандивласан байна. Өвдөж зовсон хүмүүст дэм тусаа өгч, хурдан эдгэрч, тэнхрэхэд нь жаахан ч гэсэн нэмэр болоосой, гэж чадах зүйлээ хийсэн. “Хүний төлөө буян хийж, бусдад тусалж явах шиг эрхэм зүйл үгүй” хэмээн өгүүлэх түүний яриа өөрийн эрхгүй сэтгэл хөдөлгөсөн юм. Хүн байхын утга учир гэдэг чухам л энэ буюу.
Эрдмийн далайд хөтлөгч, бас түгээгч байх мөнхийн хүсэл мөрөөдөлтэй түүнд олон том зорилго бий. Тэдгээрээс докторын ажил агаарын бохирдол сэдвээ гүнзгийрүүлэн судалж, аймаг орон, ард иргэдийн ахуй амьдралд хэрэг болохуйц төсөл болгох нь түүний хамгийн ойрынх. Эрдмийн овооны нэгэн “Эрдэнэ” болсон түүнд энэ зорилго тийм ч хэцүү биш гэдэгт итгэнэм.















