Ус хангамжийн цех Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгэн нэгж боловч бүхэл бүтэн аймаг хотыг ундаалдаг буянт газар. 65 км-ын алс, Сэлэнгэ голын ай саваас цагт 1600 м3 ус олзворлон, далайн түвшнээс дээш 1000 гаруй метр өргөн гаргаж, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээнд түгээдэг. Ус өргөх зөвхөн 1 дүгээр станц гэхэд гүний 24 худагтай. Гэтэл Ус өргөх 1, 2, 3, 4 дүгээр станц, Төв усан сан, хотын насосны станц гээд долоон объектоор дамжуулан цэвэр ус хангамжийн асуудлыг шийдвэрлэж байна. Тэр бүхэн газрын дээрх болон доорх байгууламжтай. Бүгд цахилгаанаар ажиллана гээд бодохоор хөргийн эзэн маань ямархан хэмжээний хариуцлага үүрч, ачаалал дааж явдаг нь тодорхой.
Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн Цэвэр ус хангамжийн хэсгийн Эрчим зүйч Гарамжавын Төрбаяр усан хангамжийн систем, шугам хоолойн найдварт ажиллагааг хангахын төлөө сэтгэл мэдрэмж, мэдлэг чадвар бүхнээ шингээн, өдөр бүр илүү үр бүтээлтэй байхыг хичээн ажилладаг. Түүний хувьд 2024 он их ажлын, басхүү их амжилтын жил байлаа. Ус өргөх 2, 3, 4 дүгээр станцын хуучирсан гурван насосыг Японы “EBARA” фирмийн өндөр бүтээмжтэй, цахилгаан зарцуулалт багатай, шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн солих ажлыг манлайлж, угсралт, туршилт, тохируулгын үе шатыг богино хугацаанд, өндөр чанартайгаар гүйцэтгэж чадсан юм. Үүний үр дүнд цахилгаан зарцуулалт төлөвлөгөөнөөс 0.3 нэгжээр багасаж, 9.7 сая кВт.ц хэмнэсэн нь зардлыг 2.4 тэрбум төгрөгөөр бууруулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүгээр тэр зогссонгүй. Усан хангамжийн технологийн горимыг усны хэрэглээтэй уялдуулан, цахилгаан эрчим хүчний хэмнэлтийн горим руу шилжүүлснээр дахин нэг алхам урагшилсан. Насосуудын ажиллагааг цахилгаан эрчим хүчний 3 тарифтай уялдуулан, ухаалгаар тооцоолж, хэрэглээг 1355 кВт.ц-аар бууруулан, үнийн зөрүүгээр 1.9 тэрбум төгрөг хэмнэсэн нь түүнийг эгэл нэг инженер биш, эдийн засгийн стратегич гэдгийг харуулна. Эцэст нь энэ бүхний үр дүнд 1 м³ цэвэр ус олзворлон түгээх үйлдвэрлэлийн өөрийн өртөг долоон хувиар буурсныг тоо баримтаар илэрхийлж болох ч сэтгэл, зүтгэлийн үнэ цэн хэмжигдэхгүй. Эрчим хүчийг хэмнэнэ гэдэг зөвхөн тооцоолол бус сэтгэл, мэдрэмж, мэргэжлийн ур чадвар, хамт олноо гэсэн бодлоос ургадаг ур ухаан. Үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны “Шилдэг мэргэжилтэн” Г.Төрбаяр өдөр бүрийн хөдөлмөрөөр, инженерийн сэтгэлгээ, зүтгэлээрээ бүтээж байна.
Их эзэн Чингис хааны өлгий нутагт төрж, бага насаа Бэрхийн уурхайн тосгонд өнгөрүүлсэн тэрээр хөдөлгөөнтэй ч сурлагатай хүүхэд байжээ. Ямартаа л сургуулиа төгсөхдөө аймгийн хэмжээнд шалгалтын дүнгээрээ есөд эрэмбэлэгдэж, хөвгүүдийн сонирхлыг татдаг цахилгаан системийн автоматжуулалтын ангийн хуваарийг урьтаж атгасан байхав. Эдийн засагч болох далдхан мөрөөдөлтэй явсан хүүд өвөө нь “Тоо ч дэмий дээ, толгой ороохын нэмэр” гэж хэлсэн нь хожмын хувь тавиланг урьдаас мэдэрсэн гэлтэй. Тэрээр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутан байхдаа гэргийтэйгээ танилцан дотносож, оюутны байранд өрх тусгаарлан, анхны хүүхдээ өлгийдөн авч, амьдралын их замд нэг л мэдэхэд эргэж буцалтгүй хөл тавьсан байв. Их сургуулиа төгсөх үед хосыг хамтад нь ажилд авъя гэсэн нэр хүндтэй компани байсан ч инженер хүний хувьд энэ цагийн манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрт ажиллах битүүхэн бодол хүсэлд хөтлөгдөн, эхнэрийн нутаг Эрдэнэтийг зорьжээ. Анх ирээд, ажилд ороогүй байхдаа Ус өргөх станц гэж мэдэхгүй болохоор хөдөө том байшингууд барьсныг хараад гайхаж асуудаг байжээ. Төдөлгүй, тэр том байшингуудыг дамнан ажилладаг мэргэжилтэн болж, 21 дэх жилдээ тойрч явна.
Түүнийг Ус хангамжийн цехийн хамт олон халуун сэтгэлээр угтаж, чадваржуулан, тэргүүн эгнээндээ тавьсан. Г.Төгсбаярыг ажлын талбарт тоссон анхны багш нь Ус хангамжийн цехийн тухайн үед монгол талаасаа номер нэг цахилгаанчин байсан Н.Батцэнгэл. Багш нь анх түүнийг ажилтай нь танилцуулж явахдаа “Цахилгаанчин бол хоёр дахиа алдаж болохгүй мэргэжил. Нэг дэх нь энэ мэргэжлийг сонгохдоо чи хэдийнээ алдчихсан. Тэгэхээр одоо алдаж болохгүй. Хүний амь настай холбоотой, цусаар бичигдсэн дүрмийг л чанд мөрдөн ажиллана шүү” гэж захисныг нь тэр өнөөдөр ч санаж, хийгүй ажиллахыг хичээж явна. Тухайн үед Монгол-Оросын хамтарсан үйлдвэрт орос мэргэжилтнүүдийн дунд ажиллана гэдэг нэр төр, хариуцлагын өндөр босго байлаа. Тэгэхэд л тэр өөрийн “эрчим”-ийг хуримтлуулж, одоогийн “зүйч” хэмээх хүндэтгэлийг даах сууриа тавьсан.
Г.Төрбаяр өөрийгөө их азтайд тооцдог. Учир нь ажилд орсон цагаас нь тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлууд үе шаттай хэрэгжиж, тэр бүхэнд голлох үүрэгтэй оролцож ирсэн. Энэ нь түүнд “нүд нээгдэх”, үйлдвэр, мэргэжил, технологийн амин сүнсийг таних, ажлаа гартаа оруулах боломж олгосон юм. Түүний гар хүрээгүй тоног төхөөрөмж, тохиргоо, үйлчилгээ, угсралт гэж үгүй. Цэвэр ус хангамжийн орчин үеийн систем хэвийн, найдвартай ажиллахад цахилгаан талаас нь бүх асуудлыг тэдний баг хариуцаж шийддэг.
2019 он. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын далан хөлдөх үед өргөх станцууд усны нөөцгүй болж, Ус хангамжийн цех онцгой даалгавраар бүрэн хүчин чадлаараа буюу таван насос анх удаа нэгэн зэрэг 24 цаг ажилласан. Тэр үед Г.Төрбаяр Ус өргөх 2 дугаар станцыг хариуцаж байв. Өндөржүүлсэн бэлэн байдалд нүд цавчихгүй шахам харж зогсоход насосууд нүргэлээд сүрдмээр, дааж чадах болов уу гэсэн айдас түгшмээр байсныг дурсахдаа сэтгэлдээ залбирах. Гэмтэл задрал гараагүй нь сохор аз биш. Сар бүрийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг хариуцлагатай сайн хийдэг байсны үр дүн юм. Түүний сэтгэлд үлдсэн тод дурсамжуудын нэг нь энэ. Мөн өнгөрсөн жил 5-р насосыг бүрэн ажилд оруулж, бүтэн амьсгаа авчхаад дотроо бахархал, тайвшрал мэдэрсэн гэдэг. Түүний хувьд ганц насос биш, үйлдвэрийн зүрх цохилж, хүний хөдөлмөр амь орох эх булаг.
Тэр өнөөдөр 20 гаруй хүн удирддаг Эрчим зүйч. Тэд усан сангийн түвшин алдагдах, гэнэтийн гэмтлийн үед шөнө дуудагдаж ажиллахад хэзээд бэлэн “цэргүүд”. Г.Төрбаяр “.. утсаа унтраагаагүй 20 жил болж байна” гээд даруухан инээмсэглэнэ билээ. Орхон аймгийн усны ундаргын гол зангилаа дээр ажилладаг хүмүүс арга ч үгүй биз. Хүйтэнд шугам хоолой задрах хэцүү. Доороо гэсгэлэн хэр нь дээрээ хөлдүү. Усан сангийн бригадынхан газар доорх байгууламж руу хувцсаа солиод шумбахын тулд үүдийг ухаж нээх хэрэгтэй. Усан сангийн бригадынхан цехийн “аврагч” нар л гэсэн үг. Боломжтой бол усыг шавхаж нөхнө, ихэнхдээ ус гоожиж байхад нь гагнана. Эрчим зүйч нөхцөл байдлыг цахилгааны талаас урьдчилан харж, шугам хоолой, тоног төхөөрөмжийн байрлал, аюулгүй ажиллагааг нягт тооцно. Аль нь ойр, юу нь хол байх ёстой, хаанаас эхлээд хаана дуусгах гээд бүгдийг хариуцна. Үүнийгээ тэр “зохион байгуулалт” гэх боловч, үнэн хэрэгтээ хүн амын амьдралыг хамгаалж, үйлдвэрийн зүрхийг цохилуулсаар байхын төлөөх “стратеги” юм.
Г.Төрбаяр үүрэг гэдэг үгийг “зүтгэл” гэж ойлгодог. Тэр цэвэр усны амин зүрх болсон системийг цахилгааны энергиэр тэтгэгч, хэмнэлтээр манлайлсан инженер. Мөн хамт олныхоо итгэлийг тээсэн удирдагч. Түүний хөдөлмөр бол графикт багтдаггүй хариуцлага, урамшуулалд шингэдэггүй сэтгэл, тооцоогоор хэмжигддэггүй зүтгэл юм.