Эрдэнэт хотын 1-р арван жилийн дунд сургуулийн зүүн талаар алхалж явна. Нэгэн үe энэ сургуулийн захирлын албыг Монгол Улсын Гавьяат багш Л.Төмөрчөдөр хашиж байлаа. Гавьяат багшийн охин нь энэ хөргийн эзэн “Эрдэнэт” сувиллын цогцолборын уушгины их эмч Т.Соёлмаа. Түүний аав Ховд аймгийн Дарви сумын харьяат. Ээж нь Булган аймгийн Сайхан сумын уугуул, түүх нийгмийн багш Б.Цогзолмаа гэж ахмад настан энх тунх амьдарч явна. Соёлоо эмч тахиа жилийн намар Булган аймагт төржээ. Соц нийгмийн үед долоо хоногийн лхагва гараг “Эмнэлэг гэгээрлийн өдөр”. Эл өдөр төрсөн болохоор эх баригч эмч нь түүнд Соёлмаа нэр хайрлаж, “Сайн эмч болоорой” хэмээн ерөөж байсан талаар эмээгээсээ сонссон гэнэ. Айлын том болохоор бага насаа эмээ, өвөө дээрээ ихэвчлэн өнгөрөөжээ. Өвөө нь “улаан Бавуу” хэмээх агент Д.Бавуудорж гуай. Тэр өвөөгийнхөө худалдааны ажилд тусална. Лаазтай бүтээгдэхүүний тоосыг нь гялалзтал арчаад, орлогын мөнгийг нь толгойлж эвхээд, урагдсаныг нь наана. Задгай мөнгийг нь тэр үедээ л, чухалд тооцогдож байсан мамбасаны бөөрөнхий хайрцагт хийж, нандигнана. Эндээс түүний багын чамбай нямбай, аливаад сэтгэлээрээ ханддаг байсныг харж болохоор. Агентын тооллогоор нэг төгрөг ч дутахгүй. “Миний охин ёстой хариуцлагатай” гэсэн өвөөгийн магтаалд урамшина. Амьдралын зөв дадал хэвшил олоход өвөө, эмээгийн сургаал хүмүүжлийнх нь суурь болжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа тэр нэлээн “хэнхэг” нөхөр явж. Ямартаа л өөртөө маш итгэлтэй ариун цэврийн дарга болъё гэж балчирхан охин гараа өргөсөн талаар бага ангийн багш нь тодорхойлсон байх вэ дээ. Өдөр II ээлжээр хичээл нь ордог ч, ангийн төдийгүй, бүүр сургуулийн ариун цэврийн дарга сурагч болохоор, өглөө анги танхимаар жижүүр багштай хамт явж, хүүхдүүдийн гутал, нусны алчуур, захны даавуу, хуруу хумсыг шалгана. Хөвгүүдээс форм индүүдлэгтэй, гутлаа тосолсон ахуйн соёлжилт өндөр байхыг шаардана. Энэ ажлаа дур сонирхолдоо хөтлөгдөн, чин сэтгэлээсээ хийнэ. Улмаар бага, дунд сургуулийн ариун цэврийн дарга болтлоо дэвшин ажиллажээ. Нас бага, цус шингэн байхаас нь түүнийг эмч болох зам нь хөтөлсөн мэт санагддаг.
Намтрыг нь уншихад Эрдэнэт хотын 4-р арван жилийн сургуулийн 9-р ангиасаа үерхэж дассан, ирээдүйн хань Б.Батбаярын хамт хоёул АШУҮИС-ийн хуваарь авснаар, түүний эмч болох замнал нь эхэлсэн байна. Ангийнхан нь анхны хурлаа хийж, түүнийг группийн даргын үүрэгт ажилд томилсноор, бүтэн жил нөгөө “хэнээт” зангаараа энэ албыг хашжээ. Энэ цагийн оюутнууд асрагчийн бэлтгэл хийх нэрийн дор, энд тэндхийн эмнэлгүүдэд хуваарилагдан нэг жил ажилладаг байв. Түүний хань Ажилчны районы нэгдсэн эмнэлэгт, өөрөө Улсын халдвар судлалын төвийн Эмэгтэйчүүдийн тасагт ажиллажээ. Ингэхдээ долоо хоногийн гурван өдөрт нь бэлтгэл факультетын оюутнууд Анагаахын сургууль дээрээ, онолын хичээлд очиж сууна. Бэлтгэлийн оюутнуудыг сургуулийн захиргаа сургалтын албанаас аль эмнэлэгт ажиллаж байгаагаас нь гадна, асрагчийн ажлынх нь ээлж, гараанд нь тулгуурлаад, гурван групп болгон хувааж, бэлтгэл курсийн оюутнуудын суух ёстой лекц, семинарын хичээлд оролцуулдаг байжээ. Дадлага дээр цалинтай ажилладаг байсан гэнэ. Тэрбээр одоогийн Арслантай гүүрний цаадах оюутны хотхонд амьдарч, найман жил сураад “Хүний их эмч” хэмээх эрхэм алдрыг хүртжээ. Юмаа сайн мэддэггүй, мэдлэг нимгэнтэй эмч болчих вий гэсэн айдас дагалдах болохоор тэр бүх хичээлдээ жигд, идэвхтэй оролцож, сайн сурдаг байжээ. Тэрбээр ханьтайгаа хичээлээ хийж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хамтдаа зүтгэх чин хүслээр дүүрэн, хичээнгүйлэн суралцаж төгссөн юм. Түүний хань төлөв шударга, цэвэрч нямбай, алиа хошин зантай, олон таван үггүй, олон арван хүний алтан амь аварсан, Эрдэнэтийнхний хайр, хүндлэлийг хүлээсэн, чадварлаг эмч төдийгүй, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний Монгол Улсын “Зөвлөх” зэрэгтэй эмч байсан юм. Түүнийг Орхон аймагтаа төдийгүй Монгол Улсдаа нэрээ гаргасан чадварлаг эмч байсныг эрүүл мэндийн салбарынхан мэднэ. Гэр бүлийн хоёр, хүүхэд наснаасаа хүсэж мөрөөдсөн сургуульдаа орж, сонирхсон мэргэжлээрээ суралцсан болохоор, сонин содон тохиолдол, сонирхолтой өвчтөн, өвчин эмгэг бүрийг бичиж, тэмдэглэж авдаг, хэрсүү ухаан зарж, зах зээлийн он жилүүдийн хэцүүхэн цаг үед, замаасаа няцахгүй, суралцан төгссөнөөр “Цагаан нөмрөг”-т буянтнууд болжээ.
Тэр Эрдэнэт хотын Нийгмийн эрүүл мэндийн төвийн харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөс эмчийн ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн аль цехийн, хэн гэдэг хүн өвчний учир, өвдчихсөн, акт авч байгаа талаар, долоо хоногийн 1 дэхийн өглөө, 5 дахийн оройд, Эмнэлэг сувиллын албаны статистикч их эмч Ч.Жигжидсүрэнд утсаар мэдээ өгч, хамтран ажилладаг байсан нь. Эмнэлэг сувиллын албанд их эмч дээр, орон тоо гарч буй талаар мэдээлэл авч, 1997 оны 10 дугаар сард тэр сонгон шалгаруулалтад тэнцэж, Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбон 28 дахь жилдээ ажиллаж буй. Тус үйлдвэрийн яаралтай түргэн тусламжийн эмчээр хоёр жил ажиллахдаа аваар осолд өртсөн хүнд анхны тусламж үйлчилгээг бүрэн үзүүлэх арга барилыг байнга уншиж, судалдаг байв. Ажлын талбар хүний сурах, боловсрох, хөгжих, мэргэших газар тул олон жил сурч эзэмшсэн онолын мэдлэгээ, амьдрал дээр хослуулж ажиллахад зөрөх тохиолдол ч гарна. Энэ бүгд ажлын туршлага болжээ. Сонгон шалгаруулалтад орж байхад, “Чи гар хөлөө гэмтээсэн, зүссэн хүнд яаралтай тусламж үзүүлж, оёдол тавьж чадах уу?”, “Хүнд бэртсэн, ухаангүй болсон хүнд, хамгийн түрүүнд ямар тусламж үзүүлэх вэ?” гэсэн Ерөнхий эмчийн асуултад толгойд байх онолын мэдлэгтээ дулдуйдан, “бүгдийг чадна” гээд хариулчхаж... Хожим хэлсэн үгэндээ жаахан санаа зовж явсан гэнэ. Гэвч амьдрал дээр мэдэхгүй, чадахгүй юм гарсан ч мэдэхийн төлөө, чадахын төлөө ажилласан. Мэдлэгтэй, чадвартай, хариуцлагатай Эрдэнэт үйлдвэрийн Эмнэлэг сувиллын албаны Ерөнхий эмч С.Дандар эмчээс их юм сурсан. Бүхий л зүйлд ач холбогдол өгч, хариуцлага өндөртэй хүний удирдлагад залуу наснаасаа эхлэн ажилласнаа аз гэж боддог хэмээв.
Эрдэнэт хотын Нийгмийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байхдаа эмчилж байсан хүүхдүүдээ тэр одоо ч таньдаг, онцгой ойтой. Нэг удаа тэр үзэж байсан хүндээ хандан, чи чинь тэдний хүүхэд, Дөлгөөн биз дээ. Туяа гэдэг дүүтэй. Багадаа жаахан харшилтай байсан гээд ярьж л дээ. Нөгөө хүү, та намайг ямар сайн таньж байна аа. Ангийн багш аятай. Миний бие өвдөөд 4 настай байхад, нэрийг маань сольчихсон юм гэж үнэнээ хэлсэн гэдэг. Энэ бол анги удирдсан багшаас нь дутахааргүй ойтой байгаа нь, аргагүй л ардын багшийн хүүхэд мөн дөө. Эмч хүн тасралтгүй суралцах ёстой гэж үзнэ. Анагаахын сургуулийн эрдэмтэн багш нарынхаа хэлж зааснаар, үйлчлүүлэгчийнхээ зовуурь шаналгааг юун түрүүнд сонсоно. Өвчний түүх - анамнез гэдэг бол, тухайн хүнийг оношлоход, их ач холбогдолтой. Үзлэг, мөн шинжилгээнд түшиглэн онош батлагдсаны дараа эмчилгээг оновчтой бичиж өгөх нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг гэх. Тэр эмч хүнд байх түргэн сэтгэж, ургуулан бодох клиник сэтгэлгээтэй, өвчтөний сэтгэл зүйг эмчлэх талаар гойд анхаардаг, амьдралаас олж авсан ажлын арвин туршлагатай. Эзэмшсэн мэргэжилдээ дуртай, сонирхолтой, хайртай хүмүүс эмч болж, чин сэтгэлээсээ ажилладгийг тэр биеэр үлгэрлэж яваа нэгэн.
“Эмчийн мэргэжил хэзээ ч хуучирдаггүй, харин ч он жилүүд урсах тутамд олон жилийн дадлага туршлага хуримтлуулснаар мэргэжилдээ “жинхэнэ” эзэн нь болдог. Хуучны арга барил гэж байдаггүй, эмчийн мэргэжил хөгширдөггүй” гэх. Алдаа дутагдлын өмнүүр тэр дуугүй өнгөрөхгүй. Санаанд нийцэхгүй зүйлийг шуудхан хэлнэ. Баяр ёслолын дараа нойр булчирхайн архаг үрэвслээр өвдсөн хүмүүс их ирдэг. Энэ нь хүмүүсийн хорт зуршил, хоол хүнсний зүй бус хэрэглээнээс үүдэлтэй. Ард иргэд эрүүл мэнддээ хувийн зүгээс хариуцлагатай байх ёстой гэж үзнэ. Өнгөрсөн онд тэр дотор, уушги, харшил, мэргэжлээр шалтгаалах өвчлөл, хоол боловсруулах замын архаг үрэвсэлтэй хүмүүсийг үзэж, оношилж зөвлөгөө өгч ажиллажээ. Өөрөөр хэлбэл өндөр ачаалалтай ажилладаг гэсэн үг. Өвчтөний оношийг зөв тавьж, эмчилгээ оновчтой, хүртээмжтэй, чанартай байх зарчим баримтална.
Т.Соёлмаа эмч өнгөрсөн он жилүүдэд эрхэлж буй ажилдаа үнэнчээр зүтгэж, ард иргэдийнхээ эрүүл амьдралын төлөө ажиллаж иржээ. Тэр өвчтөнтэй зөв харьцаж, оношилгоог үнэн зөв гаргаж, чанартай эмчилгээ хийхийг гол зарчим болгодог. Тэрбээр 3-4 төрлийн мэргэжлийн эмчийн үзлэгийг давхар хийсэн байдаг. Иймээс архаг хууч эмгэг өвчтэй хүмүүсээ сайн мэднэ. Гаднын том эмнэлэгт зарим өвчтөнийг үзүүлэхээр илгээнэ. Тэндээс гарсан онош дээр нь судалгаа хийж, дүгнэлт гарган эмчилнэ. Ингэснээр өвчний хүндрэл, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлнэ. Үүнээс гадна эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор тандалт судалгаа явуулж, эрт илрүүлгийн ажил зохион байгуулан ажиллаж байна. Жишээлбэл, Эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг угтан жил бүр удирдамж төлөвлөгөө боловсруулж, батлуулаад, Орхон аймгийн Сүрьеэгийн диспансерын багийг тоног төхөөрөмжийнх нь хамт үйлдвэрлэлийн бүсэд зөвшөөрлөөр оруулж, ажлын байранд нь үзлэг, оношилгоо, шинжилгээ хийж өвчнийг эрт илрүүлснээр 40 хүн сүрьеэгийн сэжигтэй гарснаас 11 тохиолдол нь батлагдаж, цаашид тархаж, даамжрах эрсдэлийг таслан зогсоосон байна. Мөн тэр зөвхөн эмчилгээ хийгээд зогсохгүй, эрүүл амьдралын хэв маягийг түгээхэд ч манлайлан оролцдог. Тухайлбал, 123 хүнийг тамхинаас гаргах сургалтад хамруулж, зүрх судас, даралт ихсэлт, ходоодны шархлаа, хавдар зэрэг олон өвчин үүсэж, даамжрахаас урьдчилан сэргийлж чадсан байна. Үүнээс гадна АШУҮИС-ийн Уушги-Харшлын тэнхим, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Уушги-Харшлын төвийн хамтарсан “Шаргалжуут” хөтөлбөрийн хүрээнд ажилтнуудыг жилд хоёр удаа рашаан сувилалд амраан, эмчилгээнд хамруулж эхэлсэн байна. Тэрбээр “Арга билиг” бүтээмж чанарын дугуйлангийн гишүүдийн хамт, эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд Уушгины архаг бөглөрөлтөт өвчнөөс урьдчилан сэргийлэн “Уушгиа хайрлая” төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, 729 ажилтанд ажлын байранд нь эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгож, 321 ажилтныг эрүүл, зөв дадал зуршилтай болгожээ. Сүүлийн жилүүдэд харшлын өвчлөл эрс нэмэгдэж байгаатай уялдуулан арьсны өвчин, дархлаа дэмжих чиглэлээр чухал ажлууд хийж, арьсны харшлын сорилд 48 хүн хамрагдаж, тэдэнд зохих эмчилгээ хийсэн байна. Эдгээр хүмүүст эмийн эмчилгээ хийхээс гадна, эмийн бус -марганцтай ванн, хивэгтэй ваннд сөөлжүүлэн оруулж, сэргээн засах эмчилгээнд хамруулснаар, хөдөлмөрийн чадвар түр алдалтын хоног хугацааг богиносгож, эдгэрэлтэд сайнаар нөлөөлсөн. Ийм бодит жишээ нь эрүүл мэндийн салбарынхан хүн ардынхаа амьдралын чанарыг сайжруулахын төлөө зүрх сэтгэлээ зориулсан баатрууд гэдгийг харуулна.
Сувиллын Соёлоо эмч

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

5

1

0

0

0